Сонгууль 2020

Хуулийн хүрээнд хийгддэг хулгайг зогсоох систем бол холимог тогтолцоо

ХБНГУ-ын Хууль Зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелин хэдхэн хоногийн өмнө монгол улсад айлчлаад буцлаа. Түүний энэ удаагийн монгол улсад хийж байгаа айлчлалын цаг хугацаа нь Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа цаг үетэй давхацсан юм.

Тэрээр “Монгол улс сонгуулийн тогтолцоогоо холимог системтэй болгох гэж байгааг байж болох хамгийн зөв алхам гэж тодорхойлж байгаа бөгөөд тодорхой хэмжээнд эрх мэдэл төвлөрчихсөн байгаа Засгийн газрыг УИХ-аар дамжуулан иргэдийн өмнөөс хянах гол үйл явц юм” гэлээ.

Герман улсад 70-аад жилийн өмнө жижиг тойргоос сонгогдсон гишүүд нь аль нэг бүлэглэл, хөрөнгөтнүүдийн нөлөөнд илүү их автдаг байжээ. Нэг үгээр хэлбэл өнөөдөр манайд үүсээд байгаа компани, бүлэглэлүүд жижиг тойргийг худалдаж авдаг. Худалдаж авах нь хялбар, хямдхан байсан учраас холимог тогтолцоог хэрэгжүүлж байжээ. Үүний үр дүнд ч энэ байдал арилж, олон намын төлөөлөл парламентад орж ирэх боломж нээгдсэн байдаг.

Олон нам парламентад орж ирснээр сөрөг хүчин илүү томорно гэсэн үг. Сөрөг хүчин томорсноор Засгийн эрхэнд байгаа тухайн улс төрийн хүчнээ хянана. Нэг үгээр хэлбэл хяналтыг дүр эсгэх маягаар бус илүү олон талаас хийнэ гэдгийг ч тэрээр тодотголоо.

Монгол улс нь 3.4 сая хүн амтай хэдий ч газар нутгийн хэмжээний хувьд маш том системтэй гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс гишүүд ажлынхаа хажуугаар дахиад тойргийн иргэдтэйгээ уулзаж чадаж байна уу гэдгийг одоогийн 76 гишүүний бодит нөхцөл байдлаас харж бодолцох хэрэгтэй. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь нийгмийн захиалга гэж олон нийт үзэж байгаа.

Эмэгтэй нэр дэвшигчид сонгуулийн жижиг тойрогт өрсөлдөөд ялалт байгуулах боломж маш муу байдаг. Үүний үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ ч бага байсаар ирсэн. Тэгвэл энэ дутагдалтай талыг нөхөх нэг боломж нь бол намын жагсаалтаар эмэгтэйчүүдийг оруулж ирэх явдал. Олон улсад намын жагсаалтаар оруулахдаа эмэгтэй, эрэгтэйгээр нь сөөлжүүлэн жагсаадаг гэж Хатагтай Херта Дойблер-Гмелин хэлж байна. Засгийн газраас УИХ -д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд яг ингэж тусгагдсан байгаа.

Жагсаалт нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сайн талтай хэдий ч авлига хээл хахуул, гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс олон нийтийн ямар ч шалгуургүйгээр ороод ирэх эрсдэл байгаа гэсэн хардлага байгаа. Ийм хардлагыг үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь ийм байдлаас сэргийлэхийн тулд Улс төрийн намын тухай хуульдаа маш тодорхой тусгаж өгөх ёстой. Авлигын хэрэгт холбогдсон болон шүүхээр шийдүүлж ял эдэлсэн хүн жагсаалтаар нэр дэвшихгүй гэдгийг тодорхой бичих хэрэгтэй.