Сонгууль 2020

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ухарвал шившиг

Парламентад суудалтай намууд нэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжин 126 гишүүнтэй байхаар санал нэгдсэн. Гэвч өнөөдөр зарим гишүүд энэ саналаас ухарч эхэлжээ. Тэд зүгээр л бусдын нэрийг барин “ Иргэд 126 гишүүнтэй байхыг дэмжихгүй байна” гэсээр ирсэн сурагтай.

Ний нуугүй үнэнийг хэлэхэд эрх мэдлээ хамгаалах, цөөхөн гишүүнтэй байж төрийн эрхийг өөрсдөө болон өөрсдийнхөө гар хөл болсон хүмүүсээр атгуулах сонирхолд илүү хөтлөгдөж байна хэмээн гишүүдийг хардах үндэслэлтэй. Үндсэн хууль бол суурь хууль.

Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсны хүчээр иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадгаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг хуульчилж өгсөн юм. Ингэснээр сангуудын мэдээллийг ил тод болгож төрийн байгууллагад байгаа ажлын сул орон тоог мэдэж, түүнд өрсөлдөх боломж нээлттэй болсон.

Түүнчлэн бүх төрлийн тендерийн мэдээлэл ил болж, тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэл, шалтгаан нээлттэй байхаар хуульд заалт орсон хэрэг. Ингэснээр тендерийг “хуудуутай” явуулах нүх сүв хаагдаж  хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь тодорхой болж байна.

Өөрөөр хэлбэл Үндсэн хууль гэдэг ийм хүчтэй. Одоо гишүүдийн тоог өөрчилснөөр цөөхөн гишүүн нийлж байгаад тендер, концессыг өөрсдөө болон ах дүүдээ авч өгдөг, сангуудийг цөлмөж, үр хүүхдэдээ давуу байдал олгодог, эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд улсын төсвийг үрэн таран хийдэг байдал бүрмөсөн арилна.

УИХ гишүүн гэдэг дарга нар байхаа болино. Үүнийг иргэд дэмжиж байгаа. Харин гишүүд хүсэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гишүүд ухарч эхэллээ. Энэ бол шившиг. Өөрсдийн эрх ашгийг эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж байгаа үйлдэл гэдэг нь тодорхой.