Орон нутаг

Гадныхан байгальд ээлтэй бизнесийг хөгжүүлэх, түүнийг дэмжих ёстойг онцолж байна

Дархан-Уул аймагт “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум өнөөдөр эхэлж, гурван өдрийн турш үргэлжилнэ. Уг форумын зорилт нь Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэх, Дархан -Уул аймагт шилжин суурьших иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой.

Энэхүү форумд Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож байгаа бөгөөд гадны төлөөлөгчид Монгол Улс, Дархан-Уул аймаг байгальд ээлтэй бизнесийг дэмжих, түүнд хөрөнгө оруулах шаардлагатайг онцолж байна. Учир нь өнөө цагт дэлхий даяар бизнесийн төсөл, төлөвлөгөөний үр ашгийг тооцон үзэхэд байгаль орчинд ээлтэй байдлыг хэрхэн хангаж байгаад чухал ач холбогдол өгдөг болсон. Тэгэхээр бизнес эрхлэгчид байгаль орчинд ээлтэй, эрүүл, цэвэр бизнесийн үйл ажиллагааг судлан, хамгийн оновчтой шийдэлийг сонгон ажиллах шаардлагатай гэсэн үг. Япон Улсын Клима Капитал Түншүүдийн гүйцэтгэх захирал Хироши Цубота бизнес эрхлэгчид аливаа бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хэрхэн байгальд ээлтэй байх, байгалийн унаган төрхийг хамгаалж, авч үлдэх талаас нь анхаарч ажиллах ёстойг онцлов.

Өөрөөр хэлбэл энэ нь тухайн бизнесийн тогтвортой байдлыг харуулж байгаа хэрэг юм. Үүнээс харахад, аливаа амжилттай бизнесийн төсөл нь санхүүжүүлэгдэх зардлын хэмжээ болон түүнийг үр ашигтайгаар нөхөн олох хугацаа, цаашдын тогтвортой үйл ажиллагаагаар бусдаас ялгардаг бөгөөд таны бизнесийн тогтвортой байдал нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаар хэмжигдэж эхэлсэн гэсэг үг юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого бөгөөд энэ хүрээнд аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Дархан-Уул аймагт болж буй энэ форум Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэх явдал.

БНСУ-ын иргэн, ИКЛЕЙ зүүн ази программын мэргэжилтэн Ким Еэжи төвийн болон орон нутгийн засаг захиргааны холбоонуудтай хамран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Зүүн азийн нутгийн төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг аж. Тэрээр мөн байгальд ээлтэй, тустай бизнесийг дэмжих ёстойг онцолсон.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэ форумд оролцож буй гадна, дотны эрдэмтэд Дархан -Уул аймгийг хөгжүүлэх боломж, хөрөнгө оруулалт босгох, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, цаашлаад хүн амын амьдрал амьжиргаанд ач тус болох бүхий л боломж бололцоог хэлэлцэж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж буй "НАЙРАМДАЛ" төслийн багийнхан эндээс гарах үр дүн, өгөөж алс хэтдээ өндөр байна гэдгийг онцолж байна.