Орон нутаг

Дархан-Уул аймаг гадны хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орлоо

Монгол Улсын Засгийн газраас орон нутаг, Дархан хот гоё болно яваад оч гэж хоосон уриалга гаргаагүй. Хувь хүнд ажиллаж амьдрах нөхцөл, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэн өгч байгаа. Хувь хүнд зориулж Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно. Орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн 3,0 хувийн хүүтэй Ипотекийн зээл олгоно. Орон сууц авахад урьдчилгаа төлбөрийн асуудал иргэдэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл засгийн газар “Батлан даалтын сан”-гаар дамжуулан урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 60 хувийг жилийн 1.0 хувийн хүүтэйгээр олгохоор болжээ.

Ажлын байр байсан тохиолдолд хүн тогтож, орон нутаг хөгжих  боломж нээгдэнэ. 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө. Орон нутаг руу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Энэ бол Засгийн газраас боловсруулан УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэх ганц хоёр онцлох арга хэмжээ.

Аж ахуйн нэгжүүд орон нутаг руу үйл ажиллагаагаа шилжүүлж иргэд ажлын байртай, орлоготой болж сум, аймаг, нийслэл жигд хөгжих боломжийг бий болгох зорилго энд агуулагдаж байгаа юм.

Энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт “Тогтвортой, ногоон санхүүжилт” сэдвийн дор хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдаж байна.

Орон нутагт зохион байгуулагдаж байгаа форумд Словани, Бельги, Румин, Грек, Чех, Япон, Солонгос гэсэн шинжлэх ухаан, техник технологи нь өндөр хэмжээнд хүрсэн улс орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Дархан хотыг сонирхож байгаа шалтгаан нь тодорхой. Нэгдүгээрт: Монголын төр засаг эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт: Дархан хот нь авто зам, төмөр зам, цахилгаан гээд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Гурав дахь шалтгаан нь хамгийн чухал. Энэ бол монголын төр “ТОГТВОРТОЙ” байдлыг амлахын зэрэгцээ байгаль орчинд “ЭЭЛТЭЙ” үйл ажиллагаа, шийдэл дээр хамтрах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа явдал юм.

Дэлхий нийтээрээ “Ногоон” эдийн засаг, “Ногоон” хөгжил ярьж, ингэж хөгжихийг зорьж, ийм хөгжлийн чиг хандлагыг нийтээрээ дэмжих болсон. Тиймээс ч гадны хөрөнгө оруулагчид өнөөдрийн энэхүү форумд өндөр ач холбогдол өгч байна.