Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн ашиглалтад орууллаа.
“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.Цаашид Говь-Алтай аймаг нар, салхи, ус гэсэн хосолмол сэргээгдэх эрчим хүчний экспортын төв болох боломжтой гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй.
Сэтгэгдэл бичих