Бусад

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд энэ сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүмүүстэй уулзах юм байна.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 5-р сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Эрхэм дээд Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Сауд-тай уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, энэ хүрээнд энэ ондоо харилцан дээд, өндөр түвшинд айлчлал солилцох, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдсэн билээ.