Сонгууль 2020

Монгол Улсын өргөмжит консулуудын 10 дугаар уулзалт болж байна

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 49 оронд 75 Өргөмжит консул ажилладаг. Тухайлбал Европ, Ойрхи дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10  Өргөмжит консулууд ажиллаж байна. Эдгээр өргөмжит консулуудын 8 нь Өргөмжит ерөнхий консулын зэрэгтэй бөгөөд Өргөмжит консулууд монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж ирсэн.

Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн. Ээлжит 10 дугаар уулзалт коронавируст цар тахлын улмаас хойшилж байгаад энэ 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Өргөмжит консулын 10 дугаар уулзалтад гадаадын 33 оронд томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцож байна.

Уулзалт “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамдын төлөөллүүд өөрсдийн салбарын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Монгол Улсын Өргөмжит консулууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр холбогдох мэдээллүүд хийв.

Мөн Гадаад харилцааны яам Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран “ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр бизнес уулзалтыг зохион байгуулаад байна.