Яам

Коронавирусийн мутацыг илрүүлдэг анхны оношлуурыг баталгаажуулжээ

КОВИД-19-ийн эргэн тойрон дахь тандалт, судалгааны тоймыг хүргэж байна.

  1. Сингапурын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-ийн халдвартай өвчтнүүдийн өрөөнд цагт 12 удаа агаар сэлгэлт хийж байсан ч гар байнга хүрдэг хэсгүүд болон өрөөний агаараас коронавирус илэрчээ.
  2. Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид Ковид-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтнөөс коронавирус их хэмжээгээр ялгарч байгааг тогтоожээ. Иймээс шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтөн хамгийн их халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.
  3. Францын мэргэжилтнүүд коронавируст халдвартай 3 өвчтөнд гахайн хавдар төст эмнэлзүйн шинж тэмдэг илэрснийг мэдээлжээ.
  4. Италид сүрьеэтэй өвчтнүүдийн дунд тархсан Ковид-19-ийн халдварыг судлахад ихэнх тохиолдлуудад халуурах шинж тэмдэг түгээмэл байсан бол бусад хүндрэл бага ажиглагджээ.
  5. Европын судлаачид 1-р бүлгийн цустай хүмүүс бусад бүлэгтэй харьцуулахад Ковид-19-ийн халдварт өртөх эрсдэл бага бол 2-р бүлгийн цустай хүмүүс эрсдэл өндөр гэж үзжээ.
  6. Хөл хорио тогтоосны үр дүнд Европын орнуудад 3.1 сая хүнийг Коронавируст халдвар авч нас барах эрсдлээс хамгаалсан гэж Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд тооцоолжээ.
  7. АНУ-д шүлсэнд эсрэг бие илрүүлэх оношлуур үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ. Уг оношлуураар хүн өөрийгөө оношлох боломжтой болно. Мөн Иллумина компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн мутацыг илрүүлдэг анхны оношлуурыг Хүнс, эмийн агентлагаас баталгаажуулжээ.
  8. БНХАУ-ын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, академич Жун Наншань: “Одоогоор тус улсын хэмжээнд Ковид-19 өвчний 6 вакцины клиник туршилт хийгдэж байна. Иргэд ирэх оны эхээр вакцинд хамрагдана” гэж хэвлэлд мэдэгджээ.
  9. Англи улс гаднаас ирэх зорчигчдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмыг зөрчсөн, гэрийн хаягаа бүртгүүлээгүй тохиолдолд 1,200 ам.доллараар торгох арга хэмжээ авна.

Эх сурвалж: ЭМЯ