УИХ

Эмх замбараагүй байдал үүсгэж, хуралдааны үйл ажиллагаа алдагдуулсан гишүүний хуралд оролцох эрхийг хасна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 7 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан. Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан" гэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад анхаарах зарим асуудлын талаар санал хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.