Дэлхийд

2021 онд цар тахал өмнөх жилийнхээс илүү хүнд байхыг анхааруулав

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас  COVID-19 цар тахлын хоёр дахь жил эхний жилээсээ илүү хүнд байх магадлалтай байгаа талаар анхааруулсан мэдээлэл хийсэн.

Тухайлбал, коронавирусийн өнөөгийн тархалтын нөхцөл байдал, дэлхийн хойд хагаст тархаад байгаа илүү халдварлуулах чадвар өндөртэй SARS-CoV-2 вирусийн дэгдэлт зэргээс шалтгаалж 2021 онд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрнэ гэж таамаглаж байгаа аж.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал, доктор Майк Райан лхагва гаригт COVID-19 нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хуралд оролцох үеэрээ “Бид цар тахалтай хоёр дахь жилдээ тэмцэж байна. Вирусийн тархалтын динамик болон бидний анхааралтай ажиглаж буй тодорхой зарим шалтгаанаас хамаарч энэ жил цар тахлын нөхцөл байдал илүү хүнд болж болзошгүй байна” гэсэн юм.

Дэлхийн хэмжээнд цар тахал эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 92.7 сая хүн халдвар авч, 2 сая орчим хүн нас бараад байна. Хэдий 2020 оны сүүлийн долоо хоног болон 2021 оны эхний нэг долоо хоногт дэлхийн хэмжээнд шинээр бүртгэгдэх халдварын тоо эрс буурсан ч зөвхөн сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 5 сая гаруй халдвар нэмж бүртгэгдсэн юм. ДЭМБ-ын мэргэжилтнүүд сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн явдлыг зул сарын баяр болон шинэ жилийн баярын өдрүүдээр улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ бууруулж, хүмүүс олноороо цугларан баярын арга хэмжээг өргөнөөр тэмдэглэсэнтэй холбон таамаглаж байгаа аж.

Доктор Майк Райан энэ талаар “Бид дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, тэр дундаа Европ, Хойд Америкт хүйтний улирал тохиож, хүмүүс дотор газар олноороо цугларан, нийгмийн үйл ажиллагаа идэвхижсэнээр олон улс оронд коронавирусийн тархалт нэмэгдэхэд нөлөөллөө гэж харж байна” гэжээ. Харин ДЭМБ-ын COVID-19-ийн эсрэг техникийн багийн удирдагч, доктор Мария Ван Керхове “Баярын амралтын дараа зарим оронд цар тахлын нөхцөл байдал сайжрахаасаа илүүтэй улам бүр дордоод байна. Бид цаашид халдварын тархалт идэвхжлийн өнөөгийн оргил үеэс аажим буурч, дахин оргил үе гэсэн цикл дунд үргэлжлэх вий гэдгээс санаа зовж байна. Тиймээс гэр бүлийнхээ гишүүдээс бусад хүмүүсээс зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалж байна” гэсэн юм.

Их Британи улсад өнгөрөгч есдүгээр сард илэрсэн, илүү халдварлуулах чадвар өндөртэй SARS-CoV-2 вирусийн “B.1.1.7” мутаци өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд бүртгэгдээд байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд цар тахлын хоёр дахь том давлагааг үүсгэх эрсдэл дагуулж буй. Тиймээс дэлхийн улс орнууд тэр дундаа Европын орнууд вирусийн шинэ мутацийн тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор илүү хатуу, урт хугацааны хөл хорионд шилжиж эхлээд байна. Тухайлбал, COVID-19-ийн эсрэг хөл хориог эсэргүүцсээр ирсэн Швейцар улсын эрх баригчид лхагва гаригт иргэдийг гэрээсээ ажиллахыг уриалж, шаардлагатайгаас бусад дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Харин Итали улс хөл хорионы зэргээ нэмэгдүүлж, Онц байдлын зэрэгт шилжээд байгаа бол Герман улс иргэдийн контакт үүсгэх байдлыг бууруулах хүчин чармайлтаа улам бүр нэмэгдүүлээд байна.