Бусад

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын найманд Т.Чимгээтэй уулзаж, прокурорт санал тавина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд ажиллалаа. Тэрбээр энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан.

Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог тэргүүлдэг. Тиймээс ч өчигдөр Жендэрийн хорооны хурлыг удирдан явуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөж байгаа асуудалд соёлын өөрчлөлт хийх тал дээр манлайлал үзүүлж ажиллахаа илэрхийлээд байгаа.

Тус хорооны хурлаас:

-Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх,

-Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхлэх

-Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргасан.

Үүнтэй холбоотойгоор С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдаад байгаа хүмүүсийн нэг Т.Чимгээг мөрдөн байцаахдаа эрүүдэн шүүсэн бичлэг цацагдсан.

Үүнд  ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Жендэрийн хорооны хурал дээр эмэгтэйчүүд эрүүдэн шүүгдээд байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг асуудал яригдсан. Шүүх гэм буруутайг тогтоодог. Шүүхийн өмнөөс хэн нэг хүн дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Засгийн газрын тэргүүний хувьд өчигдөр би Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Жишээлбэл, эрүүдэн шүүхтэй холбоотой зарим нэг субьектууд болох ШШГЕГ, Тагнуул Засгийн газрын харьяа байгууллага.

Т.Чимгээтэй холбоотой та нарт үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаад хувцсыг нь зохион байгуулалттай тайлаад бичлэг хийгээд нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа. Энэ бүхнийг олон нийтэд ил болгож, тухайн өдрүүдэд ярьж чадаагүй. Өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр манай эмэгтэй УИХ-ын гишүүд тавьсан.

Тийм учраас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агуулгаар гуравдугаар сарын наймны өдөр Т.Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэдэг агуулгаараа биш. Эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байж болохгүй гэдэг агуулгатай. Мөн Төв аймгийн ашиглалтгүй тусгай хорих ангиа тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын наймны өдөр очно. Төв аймгийн хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Мөрдөн байцаах үйл ажиллагаа гацсан байгаа асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллана. Тийм учраас 2021 онд эмэгтэй хүний эрх, ажлын байрны хүчирхийлэл, эмэгтэйчүүд авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарна хэмээв.