Сонгууль 2020

Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд үзүүлсэн шахалт амжилттай хэрэгжиж эхэлжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар гурван сарын өмнө Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуульчдын хамт Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан билээ.  Уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэ хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан. Үүнийг хэвлэлүүд Цэцэд шахалт үзүүллээ хэмээн шүүмжилж байсан юм.

Тэгвэл Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Д.Үүрцайх “Женкогийн Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна” хэмээн өнөөдөр твиттертээ жиргэжээ. Учир нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан аж.

Энэхүү Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж байсан Монголын Ардчилсан Холбооны партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийн зөрчилтэй нэгэн аж. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч Д.Үүрцайх улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлж, Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзаж буйгаа мэдэгдлээ.

Энэхүү маргаантай холбоотой Үндсэн хуулийн цэцийн хуралдаан нь Цэцийн хууль ёсны Бага суудлын хуралдаан биш бөгөөд ямар дэгээр явах нь хуулиар зохицуулагдаагүй зэрэг нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн зөрчилтэй хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр явагдана гэсэн хардлага үүсэхэд хүргэж байна.

Б.Сонор