Бусад

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Энэ Засгийн газартаа маш их баярлаж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хаалттай хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

"Дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг  Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэм буруутай гэж үзлээ" 

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн ах болон ар гэрийнхэн нь олон жил тэмцсэн. Түүний ах Т.Хүрэлбат дүүгээ суллахын тулд амиа зориулахад бэлэн гэдгээ илэрхийлж, төв талбайд 7 хоног өлсгөлөн зарлаад байгаа.

Т.Чимгээгийн хэргийг энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, Т.Чимгээтэй уулзан дахин сөхсөн юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “Надад шүүхийн гэм бурууг ярих эрх байхгүй. Харин шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа. Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан. Зарим нэг нууцтай холбоотой мэдээллийг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр нууцаас гаргана.Т.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Шүүх таслах үйл явц дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсон талаар ярилцлаа. Хорих ангид ял эдэлж байгаа хүн шууд Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан зүйл байсан. Хүний цогцос гэрт нь аваачиж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн явдал ч байсан. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах зүйл уух зүйлд нь хийж нүцгэн зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Энэ бичлэг нийтэд ил болгож чадаагүй, гэхдээ Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Биеэ хянах боломжгүй байхад нь гарын хээг нь авч ашигласан явдал хүртэл гарсан байна" хэмээн мэдээлж байсан билээ.

Ийнхүү Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг анхан шатанд буцаж, тэднийг эрүүдэн шүүсэн гэм буруутай этгээдүүдэд шүүх ял оноолоо. Тодруулбал Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргав.

Б.Сонор