Дэлхийд

Н.Модийг зөвшөөрөлгүй хөл хорио тогтоосон гэв

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны гуравдугаар сард хөл хорио тогтоохдоо мэргэжилтнүүд, Засгийн газрын хэлтсүүдтэй зөвлөлдөөгүй тухай BBC агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээг Засгийн газрын судалгааны төвийн орлогч дарга Раджив Кумар үгүйсгэж "Ерөнхий сайд албаны хүмүүстэй зөвлөлдсөний дараа хөл хорио тогтоосон" гэв. Халдварын тархалтыг зогсоохын тулд орон даяар онц байдал зарлаж, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн, эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхижуулжээ. Дэлхийн хамгийн хатуу хөл хорио 68 хоногийн турш үргэлжлэхдээ иргэдийн амьдралыг доройтуулсан юм. Төрийн бүх шатны үйлчилгээг зогсоосноор хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд тэтгэмж авч чадаагүй. Энэтхэгийн ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг албан бус ажилчид орлогогүй болсон юм. Хөл хорионы дэглэм тус улсын эдийн засгийг хүндрүүлж, Дотоодын нийт бүтээгдэхүүний түүхэнд уналтад хүргэсэн. Нөгөөтэйгүүр, хөл хорио хэдэн арван мянган хүний амийг аварч, эмнэлгийн дэд бүтэц, чадавхийг сайжруулсныг зарим тархвар судлаач онцолдог. Энэтхэг улс халдварын тоогоор АНУ, Бразилийн дараа гуравдугаарт жагсаж байна. Одоогийн байдлаар 12 сая гаруй тохиолдлыг бүртгэж, 160 мянган хүн нас баржээ.