Дэлхийд

АНУ Hомхон далайд хэт авианы пуужин байрлуулна

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин гипер дуут пуужин хөөргөх төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн хөлөг онгоц бүтээж өрсөлдөгчдөдөө шахалт үзүүлэхээр шийджээ. “Замвольт” хөлгийг бүтээх явц арав гаруй жил үргэлжилж байна. Уг эсминец хөлгийг Пентагоны дайралтын хөлөг, шумбагч онгоцууд, дуунаас хэт хурдан пуужингаар тоноглосноороо онцлогтой. “Виржиниа” ангиллын дайралтын шумбагч онгоцонд туршсан хэт авиан пуужинг “Замвольт” ангиллын дайралтын хөлөг онгоцонд байрлуулжээ.

Америкийн Тэнгисийн цэргийн хүчний ердийн зэвсгийн сөрөг давшилтын хөтөлбөрийн хүрээнд алсын зайнаас байг амжилттай устгах хангалттай хүчин чадалтай юм. Энэтхэг, Номхон далай дахь БНХАУын флотын зэвсэглэлийг сөрөхийн тулд АНУ тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлдээ анхаарах болсон. Улмаар Пентагон Тэнгисийн цэргийн хүчний стратеги, байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэлтэй холбогдох чухал асуудлуудыг нарийвчлан судалжээ.

Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын стратеги нь бүс нутагт чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын хэв журмыг сахиулж, түгээн дэлгэрүүлэхэд чухал бааз суурь болдог юм. Төслийн өртөг төлөвлөснөөс давсан, ОХУ, БНХАУ хэт авиан технологийг идэвхтэй хөгжүүлж буйд Америкийн Тэнгисийн цэргийн удирдлага түгшиж байна. Пентагон энэ оны эцэс гэхэд хэт хурдны IRCPS (Intermediate Range Conventional Prompt Srikke) пуужингийн туршилтаа эхлүүлнэ. Вашингтон Хятадаас болгоомжилж энэ зэвсгийг бүтээсэн гэж шинжээчид үздэг. Пентагоны харьяа Хадсоны хүрээлэнгийн ахлах судлаач Брайн Кларк "Эсминец хөлгийг Номхон далайн баруун хэсэгт байрлуулна" хэмээжээ. Шаардлагатай тохиолдолд хөлөг Өмнөд Хятадын тэнгист нэвтэрч, байг устгах юм байна. Хятадын эрх баригчид энэхүү аюулт хөлгийг хараад үйлдэл хийхээсээ өмнө зуун удаа бодно гэж цэргийн шинжээчид бичжээ.

Энэтхэг, Номхон далайн эрэгт ноёрхлоо тогтоосон флот Еврази цаашлаад дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Бээжин Номхон болон Энэтхэгийн далайн орон зайд байр сууриа бэхжүүлэхэд гол стратегиа төвлөрүүлсэн. БНХАУ нь хэд хэдэн бүс нутгийг холбох глобал болон геополитикийн үлэмж үр дагавар бүхий “Торгоны шинэ зам”, “Тэнгисийн торгоны зам” дэд бүтцийн аварга том төслүүдийг дэвшүүлсэн нь АНУ-ын тэргүүлсэн Номхон далай болон Атлантын далай дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түнш­лэлтэй өрсөлдөж, Евразийн санаачилгыг Оросоос Хятадад шилжүүлэх гэсэн геополитикийн эхлэл бололтой. Төслүүд амжилттай хэрэгжвэл дэлхийн улс төрийн хүчний тэнцвэр цоо шинээр дахин тогтож “Бүс ба зам” төслийг дагасан улс орнууд хэтдээ Хятад давамгайлсан, магадгүй ШХАБ-д суурилсан интеграцад нэгдэх хөшүүрэг болохыг үгүйсгэхгүй. БНХАУ-ын гадаад бодлогын үүднээс төсөл нь хөрш орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, бусад их гүрнүүдтэй харилцан ойлголцсоноор АНУ-ын бүс нутаг дахь оролцоог хязгаарлах хоёр зорилгыг агуулсан гэж үзэж болно. ЛАЗЕР БА ДРОН “Замвольт”-ын байлдааны хувилбаруудыг зохион бүтээгчид нь нууцалж байгаа. Мэргэжилтнүүд хөлгийг пуужингаас бусад зэвсгээр тоноглосон гэж таамагладаг. АНУ-ын Тэнгисийн цэргийн адмирал Майк Гилди сэтгүүлчдэд хандан лазерын зэвсэг суурилуулах боломжтой хэмээн ярьжээ.

Мөн “Замвольт” хөлгийг агаарын довтолгооноос хамгаалах “Aegis” системээр тоноглох юм байна. Батлан хамгаалах агентлагийн зөвлөх Б.МакГратийн хэлснээр хөлөгт ирэх сард дрон суурилуулж туршиж үзэх аж. Энэхүү туршилтыг АНУ-ын Номхон далайн флот хийж гүйцэтгэх юм. АНУын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалын үйл ажиллагааны цар хүрээ нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун хязгаарын хил болон Антарктидаас Хойд туйл хүртэл дэлхийн гадаргуун тэн хагас болох далай тэнгисийг хүртэлх бүсийг хамардаг. Энэ нь АНУ-ын Номхон далайн тэнгисийн флот, АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин, АНУ-ын Номхон далайн арми болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн хүчин гэсэн дөрвөн командлалаас бүрддэг. Эдгээр цэргийн командлал нь Хавай мужид төвлөрдөг бөгөөд тухайн хүчний баазууд нь бүс нутагт суурин болон түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг. Уг командлал нь АНУ-ын Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг юм байна.