Бусад

Л.Наранбаатар: А.Гансүхийн 55 тэрбум төгрөгийн гэмт хэрэг Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байна

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн улсад учруулсан 55 тэрбум төгрөгийн хохиролыг дахин шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Энэ үеэрээ тэрбээр тус хэрэгтэй холбоотой баримтуудыг олон нийтэд дэлгэсэн. Түүний мэдээллээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

-Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байна.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, дэд сайд байсан А.Гансүх нар тухайн үед төмөр замын бүтээн байгуулалтаас 55 тэрбум төгрөг хулгайлсан.

-2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болонгуутаа Тавантолгой-Гашуунсухайтын 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр тухайн үеийн ЗТБХХБЯ-тай байгуулсан байсан “Энержи ресурс” компанийн гэрээг  цуцалж, Монголын төмөр зам ТӨХК шилжүүлсэн. Энэ үеэс Х.Баттулга, А.Ганүх нар хулгай, луйврынхаа бүтцийн схемийг зурсан.

-2013 оны тавдугаар сар гэхэд А.Гансүх ЗТБХХБ-ын дэд сайдаас, сайд болж дэвшсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга өөрийн тойрон хүрээлэгчдээ эрх мэдэл бүхий албан тушаалуудад томилсон.

-Х.Баттулга өөрийн тойрон хүрээлэгчдээ эрх мэдэл бүхий албан тушаалд томилж, түүгээрээ дамжуулан  Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын буюу “Чингис” бондын 280 сая ам.долларыг авсан. Өнөөдөр  манай улс зөвхөн “ХҮҮ”-нд нь жилд 55 тэрбум төгрөг төлж байна.

-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтаас А.Гансүх туслан гүйцэтгэгч компаниудаар дамжуулан 55.111,341,050 төгрөгийг шамшигдуулж хулгайлсан байна гэдэг нь мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад тогтоогдсон.

-А.Гансүхэд үүссэн хэргийг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу буцаасан байдаг.  З.Болдбаатар шүүгч нь лифтенд оцгонодог өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгчдийн нэг. Б.Баасанцогт бол А.Гансүхийн бэлтгэсэн гарын хүн юм.

-2017 оны зургаадугаар сарын 29-ний өдөр шүүгч С.Соёмбо-Эрдэнэ А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “баллуур”-дсан. С.Соёмбо-Эрдэнэ шүүгч үүнийхээ шагналыг авч, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.

-2018 онд Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас “STESM” ХХК-д Монголын төмөр зам ТӨХК-иас олгосон санхүүжилтийн мөнгөнөөс А.Гансүх нар нь 55 тэрбум төгрөг завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэсэн хэдий ч Нийслэлийн Ерөнхий прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ерөнхийлөгч шүүгч, прокурорыг томилдог. Тиймээс Х.Баттулга прокурорыг дарамталсан гэж ойлгож байна.

-Прокурор дээр хаагдсан дээрх гэмт хэрэгт шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн учир А.Гансүх нарын хэргийг эргэж сэргээхийг хүсэж АТГ-т хандаж байна.