Бусад

О.Цогтгэрэлийг эсэргүүцэгчид Дээд шүүхэд хандахаа мэдэгдэв

АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, хууль шүүхийнхний мэдэлд шилжлээ. “Цахим” болон “цаасан” гэх тодотголтой  хоёр даргатай болсон  АН-ынхан эхнээсээ шүүхэд хандахаа мэдэгдэж эхлэв. Тодруулбал, Ц.Тувааны АН-аас тодорсон “цаасан” дарга О.Цогтгэрэлийг батламжлах Бага хурал гэгчийг  өнөө өглөө “Дүнжингарав” худалдааны төдийн гадаа зохион байгуулсан. Гэвч  АН-ын олонхыг бүрдүүлж байгаа талынхан эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж эхэлсэн бөгөөд  хууль бусаар хурал  зохион байгуулж, дарга батламжилсан гэж үзээд Улсын Дээд шүүхэд хандахаар болжээ.  Үүнээс өмнө /өчигдөр/ МҮЭ-ийн Соёлын ордонд Үндэсний бодлогын хорооны 60 гаруйхан гишүүний оролцоотойгоор зохион байгуулсан  хуралд орон нутгаас 800 гаруй төлөөлөгч, ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцсон хэмээн тамгагүй дарга Ц.Туваан танилцуулсан нь олон хүнийг бухимдуулаад байгаа аж.

ҮБХ-ны гишүүдийн ярьснаар  Ц.Туваан болон Ерөнхийлөгчийг дэмжигч ҮБХ-ны 50 гаруй гишүүнээс бусад нь энэ хурлыг эсэргүүцэж байгаа юм байна. “Цаасан” даргыг ямар ч үнээр хамаагүй ёсчлон батламжлахаар улайрсан энэхүү үйлдэл нь АН-д гавьяа бус гай авчирна гэж тэд үзэж байна. Үүний нэг илрэл нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн,  тодорхой хязгаарлалтын дэглэм мөрдөж буй энэ үед олон хүнийг нэг дор цуглуулсан, улмаар тэдний дундаас ковид илэрсэн  явдал.

Тодруулбал,  О.Цогтгэрэлийг батламжлахын тулд   Ерөнхийлөгч Х.Баттулга болон  АН-ын УИХ-ын гишүүдийн хамгаалалт дор хууль дүрэм журмыг үл тоон өчигдрөөс хойш олон хүнийг бөөгнөрүүлэн цуглуулснаас  хуралд оролцогч гэх есөн хүний шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан гэх мэдээлэл байна.  Түүгээр ч барахгүй тэдэнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг  гэр гэртээ тусгаарлах чиглэл өгсөн байтал хурлын ирц хүргэх шалтгаанаар тусгаарлагдсан байх ёстой хүмүүс нь өглөө “Дүнжингарав”-ын гадаа болсон  хуралд ирсэн явж байсан  гэнэ.

Хурал зохион байгуулахтай холбоотой бас нэг ноцтой байдал үүссэн нь  хуралд оролцсон хөдөө орон нутгийн төлөөлөл гэх гишүүдийг өдрөөр хөлсөлж мөнгийг нь хурлын дараа өгнө гэсэн яриа тэдний дунд гарчээ. Тиймээс мөнгөө авах гэсэн хүмүүс хорио цээрийн дэглэмийг умартан  хуралд ирж сандалын тоо бөглөсөн нь энэ байжээ.

УОК-оос  таваас дээш хүнтэй үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийн Бага хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцсон хэмээн хурлал зохион байгуулагч талаас мэдэгдсэн.  Тэгвэл тэдэнд хэрхэн хариуцлага тооцох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад "Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэн тус хурлыг тараасан. Дүрэм, журам зөрчиж олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулсан учраас хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна. АН-ын өмгөөлөгч, хуульч Ц.Баяртогтоход албан шаардлага хүргүүлсэн" гэлээ.

Түүнчлэн “цаасан” дарга тодруулсан Ц.Тувааны талынхны зохион байгуулсан дарга батламжлах ажиллагааг  С.Эрдэнийн АН-ынхан эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Энэ тухайд С.Эрдэнэ  “АН нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр зохион байгуулсан ээлжит бус Бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь “ТЭСО” корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын Дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус Бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно” гэлээ.