Нийслэл

Хотын дарга Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг шуурхай хийх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлө. Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд зохион байгуул. Ирэх даваа гарагаас ажилдаа шуурхай ор. Гэхдээ хоёрын хооронд юм хийж болохгүй. Хүндээ хүрсэн, хүүхдэд зориулсан, аюулгүй, эрүүл байхад анхаар” хэмээн ярилаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Улаанбаатар хот бол нэг л том тойрог. Иргэд заавал гадагшаа, эсвэл хол явах биш, энэ Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол маш том ажил. Олон мянган иргэнд амарч, зугаалах боломжийг олгоно. Хотын дарга үүнийг барьж аваад ажиллаж байгаад нийслэлээс сонгогдсон гишүүнийхээ хувьд талархаж байна. Сэтгэл байхад үр дүн гарна” гэлээ.

Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байв. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжыг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарал хандуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

Үүний дараа Хотын дарга иргэдийн хамгийн ихээр зорин очдог  Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцсан юм. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.