Үйл явдал

"Эмнэлэг орох боломжгүй, асаргаанд байдаг хүмүүсийг нийтийн дархлаажуулалтын дараа гэрт нь очиж вакцинжуулна"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма болон ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн үү?

О.Дашпагма: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тодорхой хувь нь вакцинжуулалтад хамрагдаж байгаа. Мэдээж эмчийн үзлэгээр вакцинд хамрагдаж болох эсэх шийдвэрийг гаргах тул эмчийн үзлэгээр тухайн иргэн вакцины эсрэг заалтгүй бол дархлаажуулалтын цэгүүдэд очиж хамрагдах боломжтой.

-Хорих ангид байгаа иргэдийг хэрхэн вакцинжуулах вэ?

О.Дашпагма: -Хорих анги болон бусад саатуулах байрууд өөрсдийн нэгдсэн эмнэлгүүдтэй байдаг тул тухайн эмнэлгүүдээр нь дамжуулан энэ сардаа багтаан дархлаажуулахаар төлөвлөсөн.

-Гэртээ асаргаанд байдаг ахмад настнуудыг гэрт нь очиж вакцинжуулах боломжтой юу?

О.Дашпагма: -Улаанбаатар хотын хэмжээнд Герентологийн төвд эмчийн хяналтад байдаг 6,895 ахмад настан бий. Тэдгээр иргэд Геронтлогийн төвийн бүртгэл мэдээлэлд байдаг тул тус төвтэй хамтран вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж эхэлж буй. Бид ямар хүмүүсийг Геронтологийн төв дээр, ямар хүмүүсийг нь гэрт нь очиж вакцинжуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Тодруулбал, эмнэлэгт очих боломжтой ахмадууд тус төв дээр очиж дархлаажуулалтад хамрагдана. Харин яг гэрийн асаргаанд байдаг хүмүүст яаралтай тусламжийн эмч, явуулын багтай хамтран вакцинжуулах ажлыг зохион байгуулна.

Олныг хамарсан нэмэлт дархлаажуулалтын үед тэдгээр хүмүүсийн судалгааг гаргаж, нийтийн дархлаажуулалтын дараа вакцинжуулах ажлыг зохион байгуулдаг.

Тиймээс эхлээд Герентологийн төв дээр ирэх боломжтой ахмадуудад тусламж үйлчилгээг нь үзүүлнэ. 50-аас дээш насны иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинд хамрагдах бүрэн боломжтой.

Б.Ууганбаяр: - Гэртээ асаргаанд байдаг буюу эмнэлэгт орох үнэхээр боломжгүй хүмүүсийн хувьд вакцинжуулалтад хамрагдахын тулд түр хугацаанд хүлээх шаардлагатай. Учир нь нийтийг хамарсан вакцинжуулалт хийгдэж дууссаны дараа явуулын баг очиж дархлаажуулах юм.

Коронавирус бол цар тахал. Тиймээс тодорхой хэмжээнд стандарт, шаардлага тавигдаж буй тул ийм зохион байгуулалтад хийгдэж  байгааг иргэд ойлгохыг хүсье.

ВИДЕО: