Бусад

Ерөнхийлөгчөөс чиглэлтэй улс төр вакцинжуулалтад "чөдөр" болсон уу?

Коронавирусийн тархалт огцом нэмэгдэж, өдөрт хэдэн зуугаар  тоологдож эхэлсэн  учраас манай улс өнөөдрөөс Улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж эхэллээ.  Ингэснээр  “COVID”-ын вакцинжуулалтын түр хугацаанд зогсоох нь зүйтэй гэж албаныхан үзсэн байна. Учир нь дархлаажуулалтыг үргэлжлүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Олон хүн  цугларч, улаан түвшинд мөрдөх ёстой халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут ба түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэдийгээр манай улс   вакцин үйлдвэрлэгч улс биш ч дэлхийн томоохон орнуудтай зэрэгцэн өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хүн амаа вакцинжуулж эхэлсэн. Тухайн өдрөөс хойш тасралтгүй үргэлжилсэн дархлаажуулалтыг  хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд зогсоохоор болсныг зарим  хүн эсэргүүцэж эхэхэлжээ.  Гэтэл энэ бол цар тахлын хүнд нөхцөл, хатуу хөл хорионы үе гэдгийг умартан олон нийтийн сүлжээнд бусдыг турхиран, вакцинжуулалтыг тасалдуулахгүй явуулахыг шаардаж байгаагийн цаана   тодорхой улс төрийн зорилго байгааг хэлэх хүн ч байна.

Тухайлбал, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “Манай монголчууд яахав вакцин бүтээх дэлхийн шинжлэх ухаанд дусал хөлс дусаахгүй ч Засгийн газраасаа хамгийн чангаар вакцин нэхэж чаддаг ноён зантай ард түмэн. Тэр нь ч бас зарим талаар давуу тал болж, Засгийн газар нь чадах бүхнээ хийж хамгийн өндөр хувьтай вакцинжуулаад явж байсан. Гэхдээ донорууддаа талархал илэрхийлэхгүй байх, эргээд бүр Европын Холбооны элчин сайдыг загнаж хэрүүл хийх(нүдэндээ итгэмээргүй!), Ерөнхийлөгчийн хүмүүс бусдаас авсан вакцинаа газар сайгүй муулж, эсэн бусын галзуу солиотой анти вакцин кампэйн хийх, эсвэл вакцинжуулах явцаар доноруудаасаа түрүүнд явж байгаагаа гайхуулж сурталдах гэх мэтээр улстөр, гадаад харилцааны маш олон алдаа гаргасан. Одоо вакцин нийлүүлэлт тасалдаж байгаа нь тэрнээс болсон болов уу, нэг л юм боллоо. Нийлүүлэгч талаас хамааралтай ямар нэг юм болоогүй бол ямар ч тэнэг Засгийн газар ингэж нүдэндээ хуруугаа хийхийг хүсэхгүй” хэмээн бичжээ.

Үнэхээр ч вакцинжуулалтыг эхлүүлэхээс авахуулаад Ерөнхийлөгчөөс чиглэлтэй улс төр  хэсэгтээ эрчимжсэн. Эрх баригч намыг харлуулах нь чухал болохоос ард иргэдээ цар тахлаас сэргийлэхэд  Төрийн тэргүүний  хувиар оруулсан хувь нэмэр гэж байгаагүйг зориуд тэмдэглэе.

Ямартай ч хүн амын тоо цөөн учраас Монгол Улс  вакцинжуулалтын хурдаар дэлхийд дээгүүрт жагсаж буй.  Гэтэл Хятад улс  вакцин үйлдвэрлэлийн өнөөдрийн хурдаараа  дотооддоо 2022 оны төгсгөлд хүн амынхаа 60 хувийг л вакцинжуулж дуусах тооцооллыг хийчихээд байгаа. Үүнээс үзэхэд иргэн та бид Засгийн газраас вакцин нэхдэг шигээ халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлах нь өөрийнхөө болон өрөөлийн цаашлаад улс эх орондоо оруулж буй том хувь нэмэр болох юм.  Засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу ирэх долоодугаар сарын 1 гэхэд манай улс насанд хүрсэн бүх хүнээ вакцинжуулж дуусахаар байсан.

Хүн амаа дархлаажуулах нь чухал ч  халдвар, хамгааллын дэглэм баримтлах нь үүнээс мянган хувь илүү гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэйг албаныхан зөвлөсөөр ирсэн. Түүнчлэн  “COVID”-ын  эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулснаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай. Тийм ч учраас арав хоног хойшлуулснаар ноцтой  үр дагавар гарахгүй гэдгийг  ЭМЯ-наас мэдээлэв.  Тиймээс   Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш,  Засгийн газартайгаа хэзээ тэмцэх үү, хэзээ талд нь зогсох вэ гэдгийг бодолцох учиртай цаг хугацаа гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.