Засгийн газар

Вакцины нөөц дуусаагүй ч хөл хорионы үед давхар явуулах нь дэгдэлтийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэв

С.Амарсайхан: Вакцины нөөц дуусаагүй  ч хөл хорионы үед давхар явуулах нь дэгдэлтийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзсэн

Халдварын тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улс өнөөдөр өглөөнөөс Улаан түвшинд шилжиж, хатуу хөл хориог мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор вакцинжуулалтыг  15 хоногоор хойшлуулаад байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл ямар шалтгаанаар ийнхүү дархлаажуулалтыг хойшлуулсан талаар Шадар сайд С.Амарсайхан,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  Сангийн сайд Б.Жавхлан нар танилцууллаа.

Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан манай улсад  192 мянган хүн вакцины нөөц байгааг хэлээд 15 хоног завсарласнаар ард иргэдээ  вакцинжуулж дуусах хугацаанд өөрчлөлт орохгүйг онцоллоо.  Монгол Улсын 19 аймагт халдвар тархсан төдийгүй Улаанбаатар хот өөрөө халдварын эрчимтэй голомт болсон учраас вакцинжуулалтыг хөл хорионы үед давхар явуулах нь дэгдэлтийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэх дүгнэлтийг мэргэжлийнхэн өгсөн учраас хойшлуулсан хэмээн тайлбарлалаа.  Өдөрт  багадаа 100-150 мянган иргэн вакцинд хамрагдах тооцоотой байгаа бөгөөд энэ нь иргэд нэг дор олноор цугларах,   хөл хорио ач холбогдолгүй болох эрсдэлтэй учраас ийнхүү  хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Харин вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь вакцинаа хийлгэсэн байгааг Эрүүл мэндийн сайд  дуулгав.  Мөн     БНХАУ-аас энэ сарын 9-нд  300 мянга, 12-нд 300 мянга гээд нийт 600 мянган тун вакцин ирэх байсан боловч хойшилсон.  Ийнхүү  вакцины нийлүүлэлт хойшилсон нь үйлдвэрлэлттэй холбоотой  гэдгийг тэрбээр онцоллоо.  Өөрөөр хэлбэл, манай улс  вакцин үйлдвэрлэгч улс биш, дэлхий нийтэд вакцины хүртээмж хангалттай бус байгаа учраас харзнахаас аргагүй нөхцөл үүссэн  байна.  Харин ийнхүү вакцинжуулалтын хугацааг 15 хоногоор хойшлуулах нь дархлаа тогтцод ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон. Учир нь вакцины заавар, зөвлөгөөнд дурдсанаар хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхээр заасан учраас хойшлуулснаар дархлаа тогтохгүй гэж айх шаардлагагүй гэлээ.   Хэдийгээр 15 хоногийн  хугацаанд вакцинжуулалтыг хойшлуулсан ч өмнөх төлөвлөгөөний дагуу   энэ сарын  25-наас эрчимтэй өрнүүлж эхэлнэ. Ингэснээр ирэх сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг эхний тунд бүрэн хамруулах боломжтой гэж үзжээ.  Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд ахмадууддаа гэрээр нь дархлаажуулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.  Улаанбаатар хотын хэмжээнд 260 мянган ахмад байгаагаас одоогоор  50 хувийг нь вакцинжуулалтад хамруулаад байгаа юм байна.

Б.Жавхлан:  Төлбөрийг нь шилжүүлсэн 1.7 сая тун вакцины нийлүүлэлтийг хүлээж байна

Харин вакцины татан авалт, гэрээ хэлэлцээртэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан  өгсөн.   Түүний хэлснээр   ДЭМБ-аас хэд хэдэн вакциныг хүлээн зөвшөөрсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны  арваннэгдүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.079.020 вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.080.000 нь “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд юм байна. Эдгээрээс гадна таван гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байгаа ажээ. Б.Жавхлан сайд хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2.100.000 хүнд нийт 4.2 сая тун шаардлагатай. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр таван гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийж, төлбөрийг нь  шилжүүлсэн 1.7 сая тун вакциныг хүлээж байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцины нийлүүлэлтийг баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. “Спутник”, “Pfizer” вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа. Одоогийн байдлаар 192.137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00.00 цагийн байдлаар 608.103 хүн нэгдүгээр тун болон тодорхой хэмжээнд хоёрдугаар тун хийлгэсэн байна” гэлээ.