Сонгууль 2020

Э.Бат-Үүл: Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болгосон хүн нь З.Энхболд

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөхтэй зэрэгцээд одоогийн Төрийн тэргүүний эрх ашиг ихээхэн хөндөгдөж эхлэв. Учир нь тэрбээр дахин нэр дэвших чин хүсэлтэй  ч  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ эрх нь хаагдсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь  Төрийн тэргүүнээр таван жилээр, улираан сонгогдох боломжтой байсан бол 2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа гээд  хуульчилчихсан. Энэ бол хоёрдмол утгагүй заалт.

Гэтэл “эцэг” хуулийг өөрчилж байхдаа одоогийн Ерөнхийлөгчийн эрх ашгийг яагаад бодолцсонгүй вэ гэх асуулт гарч ирж, олон нийт олон өөр тайлбарыг хийж эхэлсэн. Тэгвэл энэ асуудалд ч мөн хуулийн хүрээнд  цэг тавьчихсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн учраас одоо бүрэн эрх нь хэрэгжиж буй хүн дахин дэвшиж болох эсэх талаар тухайлан авч үзсэн байдаг. Ингэснээр Х.Баттулга гэдэг хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй басхүү маргаантай асуудал  үүсгэж болохгүй гэж үзээд дээрх заалтын мөрдөх хугацааг 2025 он байхаар төсөлд тусгасан юм. Гэтэл  “Үндсэн хуулийг 2020 оноос мөрдөж эхлэх  байтал Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оноос мөрдөх нь зохимжгүй. Хууль эрх зүйн шинэ орчинд  Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах ёстой” гэж Х.Баттулгын төлөөний хүн буюу тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үзсэн байдаг. Тийм ч учраас тэрбээр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2020 оны  тавдугаар сарын 25-наас бусад заалтын адилаар  дагаж мөрдөх саналыг оруулснаар нааш татсан юм. Үүнээс хойш тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хүлээлгэн өгсөн.

Ийнхүү асуудалд аль хэдийнэ цэг тавьсан байтал Ерөнхийлөгч өөрийн биеэр ёсчилсон Үндсэн хуулийнхаа эсрэг босож, дахин нэр дэвшихийг санаархаж эхэлсэн нь олны гайхшралыг төрүүлэх болсон.  Үүний цаана  З.Энхболдын “хорлон сүйтгэх” ажиллагаа өрнөсөн байж болзошгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамагласан. Тэр дундаа нэг намд олон жил зүтгэсэн сайн мэдэх  кандидат нь З.Энхболдын үнэн төрхийг илчилсэн томоохон нийтлэлийг тухайн үед бичиж байв.  Түүний  бичсэнээр З.Энхболд үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хулхидчихсан юм биш үү гэдэг нь батлагдаж байна. Тухайн үед Э.Бат-Үүл  “Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ.  “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулиас хасагдсан учраас Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлж болохгүй. Мөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар Үндсэн хуулиар тогтоосон атал Х.Баттулгад долоон жил ноогдчихно. Энэ нь бас Үндсэн хуультай зөрчилдөнө. Тэгэхээр Х.Батулга Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй болсон  нь үндэслэлтэй. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй, Х.Баттулга, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн Тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй  бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно” хэмээж байв.  Ингэхдээ тэрбээр З.Энхболд  дэргэдэх нөхрөө хэрхэн хулхидаж, улс төрд ээдрээ үүсгэснийг ч тайлбарлаж байсан юм.  Энэ тухайд тэрбээр  “Миний бие нэг удаа З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн дуудаж алдаршуулахдаа физиологийн утгаар нь огт хэлээгүй. Түүний политикийг, “хаадын хаан” байсан Хятадын тайган нарын политиктой адилтган хэлсэн юм. Түүх мэддэг хүмүүс миний санааг зөв ойлгосон байна билээ. Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд: “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан. Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улстөрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулиийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш, хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй” гээд   З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү  гэх гаргалгааг ч хийж байв.

Ийнхүү түүний бичсэнчлэн үнэхээр л “Төрийн тайган” З.Энхболдын балгаар  өнөөдөр улс төрд  ээдрээтэй бөгөөд маргаантай байдал үүсчихээд байна.