Сонгууль 2020

Р.Гончигдорж Үндсэн хуульт тогтолцооны эсрэг үйлдэл хийсэн үү?

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд бус 2023 онд болох ёстой гэсэн үндэслэлээр Цэцэд хандсан талаараа сэтгүүлч Отгонтой хийсэн ярилцлагын үеэрээ онцолсон. Нэг үгээр хэлбэл, Ерөхийлөгчийн сонгуулийг 2023 он хүртэл зохион байгуулахгүйгээр шууд 2 жил улиран үлдээх ёстой гэсэн агуулгыг хэлчихэв.

Харин Р.Гончигдоржийн гаргасан дээрх санал, үйлдэл нь Үндсэн хуульт тогтолцооны эсрэг гэмт хэрэг болохыг хуульч Ө.Эрдэнэ-Очир цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Цэцийн гишүүнд нэр нь яригдаж байсан Р.Гончигдорж гуай юу ярьчихсан юм бэ. Сонгуулийг хойшлуулж одоогийн Ерөнхийлөгчийг 2023 онд хүртэл байлгана гэнэ үү. Сонгуульгүйгээр Ерөнхийлөгч болно гэдэг Үндсэн хуульт тогтолцооны эсрэг үйлдэл биз дээ” хэмээжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үгүй болсон гэдгийг цөөнгүй хуульчид хэлж байгаа. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан “50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр одоогийн Ерөхийлөгч төдийгүй өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй болсон гэдгийг хэлсээр байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн  гишүүнд нэр нь яригдаж байсан хүн Үндсэн хуулийн бус зүйл ярьж, олон нийтэд сонгуулийг хойшлуулж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2 жил сонгуульгүйгээр улиран суулгаж болох мэт хууль бус зүйл ярьж яваа нь үнэхээр Үндсэн хуульт тогтогцооны эсрэг үйлдэл байж ч болох. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын ард түмнийг төөрөгдүүлж байгаад хууль зөрчиж нэр дэвших гэсэн санаархалыг Р.Гончигдорж хэрэгжүүлж байж магадгүй гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм.