Сонгууль 2020

Х.Болдмандал: Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран дахин нэр дэвших боломжгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталж, эхийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлон, Төрийн тамга дарж баталгаажуулсан билээ. Ингэснээр нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталсан Үндсэн хуулийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяараа дагаж мөрдөж эхэлсэн.

Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2-т заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцитай холбоотой заалтыг тойрсон асуудал олон нийт, хуульчдын дунд маргаан дагуулсаар байна. Тодруулбал, ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэх асуудал хөндөгдөж байгаа юм.

Хуульчдын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төдийгүй өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. Харин нэр дэвших боломжгүй болсон шалтгаан нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболдын саналаар үүссэн гэдгийг хэлж байгаа юм.

Учир нь, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирж, Ерөнхийлөгчийн буюу Зөвшилцлын ажлын хэсгийн ахлагчийн бие төлөөлөгчийн хувьд Ерөхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тухайн үед Ерөхийлөгчийн байр суурийг сонсох нь зүйтэй гэсэн байнгын хорооны хурал даргалагч үзсэнээр З.Энхболдын хэлсэн үг нь протокол болж бүрэн эхээрээ үлдсэн байдаг юм.  Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оноос хэрэгжинэ. Гэтэл Ерөнхийлөгчийн институцийн асуудал 2025 онд хэрэгжхээр байна. Наана нь буюу 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулийг шинэ Үндсэн хуулийн үйлчлэл эхэлчихээд байхад хуучин хуулиараа зохион байгуулах нь зохимжгүй. Тиймээс Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн институцтай холбоотой заалтын үйлчлэлийн хугацааг нааш татаж, дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай хамт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлбэл яасан юм бэ” гэсэн албан ёсны байр суурийг илэрхийлсэн байдаг.

Ийнхүү түүний саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаж, парламентаар хэлэлцэж, бүх процедурын дагуу ажиллаж 2019 оны арваннэгдүгээр сард баталсныг Монгол Улсын Ерөхийлөгч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалсан Х.Баттулга ёсчлон баталсан. Ингэснээрээ Х.Баттулга Үндсэн хуулийн 30.2 заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байгаа юм.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн тов тодорхой заалтыг тусгасан. Уг заалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болжээ.

Энэ тухайд “Шинэчлэл-эрин үе” ТББ-ын тэргүүн Х.Болдмандал “Үндсэн хуулийн 30.2-т “зөвхөн” гэдэг үг оруулсан нь өмнө нь ямар нэгэн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй байх гэдэг санааг салаа утгагүйгээр илэрхийлж байна. Хоёрдугаарт, өмнөх Үндсэн хуулийн 31.7-д байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой “нэг удаа улируулан сонгож болно” гэдэг өгүүлбэрийг хассан. Өөрөөр хэлбэл, 30.2-т байгаа заалтыг салаа утгаар ойлгож болохгүй гэж үзээд 31.7 дахь заалтыг хассан юм. Тиймээс Үндсэн хууль ёсоор одоогийн байгаа Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран дахин нэр дэвших боломжгүй гэдгийг бүгд ойлгож байгаа байх” гэж тайлбарласан юм.