Үйл явдал

"Дэлхийн улс орнууд вакцины хомсдолд орж байгаа тул одоо байгаа вакцинаас сонгоод дархлаажуулалтдаа хамрагдаарай"

Манай улсад дархлаажуулалтын ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл вакцин, Энэтхэгээс татан авсан Астразенека вакциныг сонголтоор хийж байгаа юм. Гэвч иргэд ОХУ-ын Спутник V вакциныг татан авсан цагт нь хийлгэнэ хэмээн одоо хүртэл вакциндаа хамрагдахгүй тохиолдол гарч байгаа юм.

Уг асуудалд ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "18-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажил ид үргэлжилж байна. Дархлаажуулалтуудын цэгүүдэд очергүй байна. Таны хүлээж байгаа вакцин хэзээ орж ирэх нь тодорхойгүй учир одоо байгаа вакцинуудаас сонгоод хийлгээрэй. Эрсдэлээ сайн тооцож, өөрсдийгөө хамгаалж, вакциндаа хамрагдах ёстой. Дэлхийн улс орнууд вакцины хомсдолд орж эхэлж байна. Хомсдолын улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтаа хийж чадахгүй, удаашруулах тохиолдол их байна. Харин Монгол Улсын хувьд иргэдээ вакциндаа хамрагдаач ээ гээд ихэд уриалж байна. Мөн иргэд надад энэ вакцин тохирно, тохирохгүй гэж өөрсдөө дур мэдээд вакциндаа хамрагдахгүй байх шиг байна. Та өөрөө шийдэхгүй, эмчид хандаад тэгээд тохирох вакцинаа хийлгээрэй" гэлээ.