Сонгууль 2020

АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах эсэх нь эргэлзээтэй боллоо

Сонгуулийн тухай хуулийн  дагуу улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулах ажиллагааг эхлүүлээд байна.

Эрх баригч МАН маргааш Бага хурлаа цахимаар  зохион байгуулан нэр дэвшигчээ тодруулах бол АН-ынхан цахим болон цаасан хэлбэрээр буюу хоёр талд нэр дэвшигч тодруулахаар санал хураалтыг эхлүүлсэн юм. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа дотооддоо бужигнасаар хоёр хуваагдсан АН өнөөдөр ч хэрүүл тэмцлээсээ хэлтэрч чадаагүй байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад хэдхэн цагийн хугацаа үлдсэн байхад ч тэд хоёр талд хэмлэлдсээр байгаагийн цаана Ерөнхийлөгч Х.Баттулга  хөндлөнгөөс өдөөн хатгаж, турхирч байгааг АН-ынхан өөрсдөө мэдээлж буй. АН-ынхныг хуваагаад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулж чадахгүйд хүргэхээр улайрч байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж эхэллээ. Учир нь тэрбээр АН-ыг шалдаа буутал унагаж байгаад Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа АН-ын дарга болохоор эртнээс зэхсэн гэлцэж байна.

Энэ тухайд ганцхан жишээ.  Цаасан дарга О.Цогтгэрэлийн талаас  Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлсэн. Гэвч Х.Тэмүүжин дөнгөж сая нэрээ татаж буйгаа цахим хуудастаа мэдэгджээ. Тэрээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж  байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" хэмээв.

Тэгвэл М.Тулгатын талаас Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нарын таван хүн бүртгүүлсэн. Гэтэл  Улсын Дээд шүүх С.Эрдэнийг АН-ын  дарга хэвээр гэж үзсэн. Тийм ч учраас энэ талаас нэр дэвшсэн хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэх нь тодорхой байгаа юм.

Иймд “Женко”-гийн талаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар нэрээ дэвшүүлсэн нь мэдсээр байж тамгагүй намд бүртгрүүлчихээд СЕХ болон бусдад бурууг тохон үймээн самуун дэгдээх, сонгуулийг бужигнуулах зорилготой гэдэг нь тодорхой болж эхэллээ. Энэ бол “Женко”-гийн эртнээс бэлтгэсэн ажиллагаа  амжилттай болж байна гэсэн үг. Үндсэндээ будилаандаа булагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд  оролцож чадахгүй бол  буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга болох бололтой.