Сонгууль 2020

АН-ын цахим их хурлаас “эвтэй” санал гарахгүй л болов уу

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намууд өнөөдөр хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ тодруулна. МАН нийт таван хүний нэр дээр намын үүрүүдээсээ санал авсан мэдээлэл байна. Бага хурлаараа эцэслэж, нэр дэвшигчээ зарлаж таарна.  Харин хоёр толгойтой АН өчигдөр албан болон албан бус даргатай хоёр дотоод сонгууль өрнүүлж, М.Тулгатын АН-аас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар өрсөлдөж, С.Эрдэнэ 1.953.05 оноогоор ялалт байгуулсан талаар танилцуулсан. Харин О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг 81.06 хувь буюу нийт 44 мянга шахам  хүний санал авч ялалт байгуулсныг мөн зарлаад байгаа.

Нэр дэвшигчдийг намууд дотоод сонгуулийн зарчмаар тодруулж, СЕХ-нд материалаа хүргүүлэх юм. Ямартай ч АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын нэр очихоор харагдаж байна. Гэхдээ өнөөдөр АН цахимаар намын их хурлаа хийнэ гэж мэдэгдээд байна. Их хурлаас “эвтэй” санал гарах эсэх нь эргэлзээтэй. Эвлэж нэгдээд нэг хүнийг нэр дэвшүүлэх байсан бол тэд тус тусдаа нэр дэвшигчдээ тодруулж, ажил удахгүй байсан болов уу. Дотоод сонгуулиар ялалт байгуулсан С.Эрдэнийн хувьд намын албан ёсны дарга хэвээр байгаа эрх нь СЕХ-нд бүртгүүлэх боломж харагдаж байгаа. Харин нөгөө талд ялалт байгуулаад байгаа Н.Алтанхуягийн хувьд СЕХ бүртгэх эсэх нь эргэлзээтэй харагдаж байна. Тэгээд ч Н.Алтанхуягийг АН-ын жирийн дэмжигч, гишүүд нь Х.Тэмүүжиний адил гомдол тээж, гоншигногч хэмээн цоллодог. АН түүнийг өсгөн дэвшүүлэх, дамжин өнгөрүүлэхийн зарчмаар нэр дэвшүүлчихгүй л болов уу. 2020 оны УИХ-ын сонгуульд Н.Алтанхуяг намдаа “гомдож” бие даан сонгогдсон. “С.Эрдэнэ намайг АН-аас  4 жилийн хугацаатай хассан” гээд уйлан дуугарч явсан хүн. С.Ганбаатарын адил өөрт оноо цуглуулахын тулд бусдын хийснийг өөртөө наах гэж хичээгч төдий л хүн шүү дээ. Чуулганы танхимд АН-ынхандаа өдгөө хүртэл гомдож явдаг тухайгаа үг хэлэх бүртээ хавчуулж, хооллож байсан “тогоо” руугаа нулимсаар өдий хүрсэн л хүн.  Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын түлхээсээр үймээн дэгдээх зорилгоор оролцож буй гэлцэж байна.