Сонгууль 2020

МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр дэмжлээ

МАН-ын Х Бага хуралдаан өндөрлөлөө. Бага хуралд цахимаар оролцсон  гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын дарга, Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр  шийдвэрлэв. Мөн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг баталснаар  нэр дэвшигчийн бичиг баримтыг   Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Аудит энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчийн бичиг баримтыг   хянаснаар СЕХ-нд хүргүүлэх юм. МАН-ын Бага хурлын Х хуралдаан 15.00 цагт 95.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд дотоод журам тооллогын комиссоо байгуулж, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшсэнийхээ “Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар  олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна.  Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай.  Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.  Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр” хэмээн онцоллоо.