Бусад

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

Засгийн газар /2021.05.10/ 100 хоногийн үйл ажиллагаагаа дүгнэж, олон нийтэд тайлан мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх хугацаанд “Цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилт тавин ажилласнаа мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг богино хугацаанд даван туулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  4 төрлийн вакциныг 2021 оны 2 дугаар сарын 22-ноос 5 сарын 7-ны өдрийг хүртэл нийт 14 удаагийн татан авалтаар 2.914.940 тунг татан авч, хүн амыг вакцинжуулж байна. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 93 хувь нь I, II тунд 50 гаруй хувь нь хамрагдаад байна. Орон нутагт вакцинжуулах ажил ид өрнөж байна. Өмнөговь, Дорноговь, Булган аймгуудын вакцинжуулалт 80 гаруй хувьтай байна.

Цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цаг үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлж, ус, цахилгааны хэрэглээний төлбөрийг төрөөс төлж, иргэдийн бизнесийн болон хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр ч удаа хойшлуулсан.

Цар тахлыг хумих хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир 3.3 сая иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ” гэв.

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж  ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжин ажлын байрыг хадгалах, амжиргааг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр боломжит бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил үргэлжилж байна. Тодруулбал, Дорноговь  аймгийн Алтанширээ суманд жилд  1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг  барьж, 2023 онд ашиглалт оруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн 2021-2023 онд нийт 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий  үйлдвэрийн 1 дүгээр модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Монгол Улсын стандарт шаардлага хангасан төслийн  ТЭЗҮ боловсруулах ажлыг ШУТИС-ийн харьяа уул уурхайн хүрээлэн боловсруулж дууссан байна.

Б.Саруул