Үйл явдал

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт /2021.05.22/ чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг санаачлагч Х.Булгантуяа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар өнөөдөр /2021.05.25/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт  10  зүйл байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. Түүнчлэн, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Мөнгөн хадгаламжийн тухайд, хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох  заалт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, банк аливаа хадгаламжийн хүү, нөхцөлийг өөрөөр, ялгамжтай тогтоон нийтэд зарлах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү тухайн нийтэд зарласан хүү, нөхцөлөөр харилцагчтай гэрээ байгуулах үүрэгтэй. Ингэснээр банкны салбарт бий болсон шударга бус, гаж өрсөлдөөнийг зогсоож, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх замаар банкны салбарын нийт 95 орчим хувийн хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах зорилго агуулжээ. Зээлийн үйл ажиллагааны тухайд, үзээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй байх ба гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгч, гадаад валютаар зээл авахыг тулгахыг банк, эрх бүхий этгээдэд хориглосон байна. Мөн зээлдүүлэгч нь анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хоригложээ.

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болох зохицуулалт мөн туссан бөгөөд зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд банк, эрх бүхий этгээдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.