Сонгууль 2020

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 25619 иргэн санал өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас орон даяар эхэлж, 20:00 цагт дуусна. Энэ удаагийн сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг 25619 иргэн гаргасан бөгөөд сонгуулийн 2087 хэсгийн хороонд уг ажиллагааг явуулж байна.

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, тэгш оролцоог хангах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх боломж бүрдсэн юм. Түүнчлэн уг санал, төсөлд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг 2021 оны 152 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол болон Засгийн газрын журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдан халдвар, хамгааллын дэглэмийн дор санал авах ажиллагааг зохион байгуулж байна. Цар тахлын улмаас эмчлүүлж байгаа, тусгаарлагдсан нийт 7051 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.