Орон нутаг

Байгаль хамгаалагчид бамбаруушийг тайгад нь тавилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 2021 оны тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэж байгаа юм.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байна.

Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах юм.