Нийслэл

Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны баруун талд барьж буй ногоон байгууламж 9 сарын 10-нд дуусна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болоод дүүргийн Засаг дарга нар хамтран чөлөөлөх боломжтой байршлуудыг тогтоон, чөлөөлж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байна.

Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн 270 байршлын 26,822 ам метр газрыг чөлөөлөөд байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлсөн байршлуудад тохижилт, ногоон байгууламжийн ажил үр дүнтэй хийгдэж байна.  17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгасан. Газар чөлөөлсөн талбайд 1,800 ам метр явган хүний зам, 3,996 ам метр талбайд ногоон зүлэг тарьж, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 600 ам метр эко хавтан суурилуулсан байна. Мөн тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр урт дугуйн зам барих ажил үргэлжилж байна. Тохижилтын ажил есдүгээр сарын 10-нд дуусах гэнэ.