Нийслэл

Хүн амын 63.5 хувь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэжээ

Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.6 хувь, хоёр дахь тунд 63.5 хувь нь хамрагдлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Тодруулбал, вакцины эхний тунд 12-оос дээш насны 2,231,314 иргэн хамрагдаад буй. Үүнээс 2,067,391 нь хоёрдугаар тунг хийлгэжээ. ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогдсон. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байна.

Уг хувилбар нь маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй аж. Тиймээс цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй Шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийж буй.

Халдварын тархалт ийнхүү ихсэхийн зэрэгцээ хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн энэ үед иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулъя.