Үйл явдал

Мутацлагдсан хувилбарыг Монголд илрүүлэх боломжтой болжээ

Одоогийн байдлаар манай улсад коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбаруудыг богино хугацаанд ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж байгаа.  2021 оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа хувилбар хүн амын дунд эргэлтэд орж эхэлжээ. Улмаар 6, 7 дугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлж байна.

Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дельта хувилбарт коронавирус шинээр батлагдсан тохиолдлууд дунд нэлээд өндөр хувийг эзэлж буй бөгөөд нуклейн хүчлийн түвшинд уг вирус өөрчлөгдсөн гэдгийг батлах шинжилгээг амжилттай хийжээ. Ингэснээр дэлхий нийтэд түгээмэл байгаа мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой болсон байна.

Цаашид сорьцын тоог нэмэхээр Монголд эргэлдэж байгаа коронавирусийн геномын судалгааны нарийвчилсан судалгааны үр дүнгүүд гарах боломжтой болох гэнэ.

Өөрөөр хэлбэл, SARS Cov2 вирус нь өөрөө хувиран өөрчлөгдөх чадвартай. 2020 оны гуравдугаар сард дэлхийн улсуудад 600 гаруй мутац илэрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 21,480 төрлийн мутац илрээд байгаа аж. Тиймээс коронавирусийн төрлийг тодорхойлох шинжилгээ хийх нь чухал бөгөөд энэ нь манайд тулгамдаж байгаа асуудлын нэг байв. Харин үүнийг PCR шинжилгээний үр дүнг үндэслэн Sanger Sequence-ийн арга ашиглан коронавирусийн генийг тодорхойлох боломжтой болжээ.