Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан.

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзсан. Асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явц гацаанд ороод байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргалаа.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлэхгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд тусгагдсан хэмээн үзжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзлаа. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч бус, Ерөнхий сайд санал болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

“Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг, хараат бус байх тогтолцоог бий болгохыг зорьж байна. Төрийн тэргүүний хувьд задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” гэж хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ А.БЯМБАЖАРГАЛ:

“Хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал хүсэлтээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс сүүлийн 30 жилд анх удаа татгалзаж манлайлал үзүүллээ. Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ. Хүн засагладаг бус хууль засагладаг төртэй байна гэдгээ тангараг өргөхдөө хэлсэн нь бодит ажил болж байна” гэж хэлэв.