Бусад

Монголын анхны дрон үзүүлбэрийг толилуулж, лазер шоу хийнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT EXPO-2021” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэртэйгээр энэ сарын 17-19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт цахим үндэстэн болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд “ICT EXPO-2021”-г “Digital Nation -2021” нэр дор олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Зохион байгуулалтын хувьд хувийн хэвшлүүд манлайлж хийж байгаагаараа онцлог бөгөөд 100 гаруй компани хамтран ажиллаж байна. “ICT EXPO-2021”-ийн үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс онцолж танилцуулбал, лазер шоу, Монголын анхны дрон үзүүлбэрийг толилуулна. Мөн олон компани 5G-н туршилт хийхээр төлөвлөсөн" гэв.

“ICT EXPO-2021”-ийн талаар танилцуулах хэвлэлийн хуралд оролцсон томоохон ААН-үүдийн төлөөллүүдийн зүгээс өргөн цар хүрээтэй, гадаа талбайд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонирхолтой хэлбэрээр танилцуулна гэлээ. Мөн цар тахлын нөлөөгөөр цахим шилжилт эрчимтэй явагдаж, өдөр тутмын амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа энэ үед манай улс дэлхийтэй харьцуулахад аль түвшинд явж байгааг харах боломжтой гэдгийг онцоллоо.