Дэлхийд

Элон Маскийн SpaceX энгийн хүмүүсийг сансрын гүнд 3 өдөр аялуулж чадсан амжилтаар өрсөлдөгчдөөсөө онцгойрчээ

Өнгөрсөн Лхагва гарагт SpaceX компанийн хөлгөөр сансарт ниссэн дөрвөн жуулчин Улаанбаатарын цагаар Ням гарагийн өглөө Флоридагийн эргээс холгүй Атлантын далайд амжилттай газарджээ. Энэ нь сансрын түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг дэлхийн тойрог замд хүргэсэн тохиолдол болов. Дөрвөн жуулчныг сансарт нисгэсэн Inspiration4 төслийн удирдагч Тодд Эриксон “Сансрын хоёрдугаар эринд тавтай морил” гэж хэвлэлийн хурын үеэр мэдэгджээ.

SpaceX-ийн Crew Dragon хөлгийн капсул дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа нийт дөрвөн шүхэр задалж, уналтын хурдаа бууруулсаар далайн мандалд буусан байна. Энэ үед капсулын гадна бүрхүүл агаарын эсэргүүцлийн улмаас Цельсийн 1,900 хэм хүрсэн байна. Сансрын жуулчдын өмсгөл халалтаас хамгаалагдсан, дотор талдаа сэрүүцүүлэх системтэй аж.

Жуулчдын хамгийн залуу нь болох 29 настай Хэйли Арсено дэлхийн хамгийн залуу сансрын нисгэгч болжээ. Тэрбээр АНУ-ын Теннеси муж дахь Сэнт Жюдийн Хүүхдийн Эмнэлгийн эмч гэнэ. Арсено өөрөө хүүхэд байхдаа энэ эмнэлэгт ясны хорт хавдраа эмчлүүлж, нэг хөлөө тайруулж байжээ. Тиймээс тэр бас анхны хиймэл эрхтэнтэй (протез) сансрын нисгэгч боллоо.

Inspiration4 багийн бусад гишүүд нь 51 настай геологич Шан Проктор, 42 настай нисэх онгоцны инженер Крис Семброски, нислэгийг ивээн тэтгэсэн 38 настай тэрбумтан Жаред Айзакмэн нар хэмээн "Reuters" агентлаг мэдээлж байна.

Түүнчлэн Shift4 Payments Inc электрон төлбөр тооцооны компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Айзакмэн энэ удаагийн аялалд нийтдээ $200 сая орчмыг төлж, өөрийн багийг бүрдүүлсэн байна. Inspiration4 багийнхныг суулгасан хөлөг Лхагва гарагт Флоридагийн Канавералын хошуунаас хөөрснийхөө дараа гурван цагийн дотор дэлхийн  гадаргаас 585 км өндөрт хүрсэн юм. Энэ нь Олон Улсын Сансрын Станц болон Hubble сансрын телескопын байрлалаас өндөрт хүрсэн гэсэн үг бөгөөд 1972 онд дууссан NASA-гийн саран дээр буух Apollo хөтөлбөрөөс хойш хүн сансрын уудмын хамгийн гүнд хүрсэн тохиолдол болжээ.

Сүүлийн саруудад сансрын аялал жуулчлалын цоо шинэ салбарт томоохон дэвшлүүд гаргаад байна. 7 сард Америкийн тэрбумтан Жэф Безос (Blue Origin), Британийн тэрбумтан Ричард Брэнсон (Virgin Galactic) нар тус тусын хөлгөөр сансарт нисэцгээсэн. Гэхдээ тэдний хөлгүүд дэлхийн агаар мандал, сансрын уудмын хил заагт хэдхэн минутын хугацаа өнгөрүүлсний дараа буцацгаасан юм. Харин Элон Маскийн SpaceX энгийн хүмүүсийг сансрын гүнд 3 өдөр аялуулж чадсан амжилтаар өрсөлдөгчдөөсөө онцгойрч байна. Гэхдээ онцгой тохиолдолд бэлтгэлтэй байхын тулд багийн гишүүдийг NASA-гийн сансрын нисгэгчидтэй ижил түвшний сургалтад хамруулсан юм байна.