Сонгууль 2020

Сонгогчийн боловсрол, сургалтын төвөөс нам, эвсэл, нэр дэвшигчдэд хамтран ажиллахыг уриаллаа

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцогч бүх талууд, ялангуяа сонгогчдын сонгуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сонгуулийг ил тод, шударга явуулахын ач холбогдол, үйл явцыг тайлбарлан таниулах, сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Сонгогчийн боловсрол, сургалтын төвийг байгуулан ажиллаж байгаа юм.

Тус төвөөс Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандан уриалга бүхий албан бичгийг 2021 оны 10 дугаар сарын 01-нд илгээлээ. Уг уриалгад нам, эвсэл, нэр дэвшигчид, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнууд, ажиглагчдад зориулсан сонгуулийн хууль тогтоомж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах зэрэг олон талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд зөвхөн энэ удаагийн нөхөн сонгуулиар төдийгүй цаашид ч байнгын харилцаатай байж, Монгол Улсынхаа иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангахад онцгойлон анхаарал хандуулж, хамтран ажиллахыг уриалсан юм.

Сонгуулийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд амжилттай зохион байгуулах болон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, эвсэл, мөн сонгуулийн ажиглагчидтай хамтран олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тус Төв төлөвлөн ажиллаж байна.