Орон нутаг

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсаны дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Т.Аубакир нарын хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд  “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны  болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэхээр тусгагдсан бөгөөд төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт бүрэн хангагдах нөхцөл бүрдэхээс гадна Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн хуулийн төслийг  2019 оны намрын ээлжит чуулганаар соёрхон батлуулахаар өргөн мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй удааширч байсан бөгөөд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт батлагдсанаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчныг  бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

  Монгол Улсын Засгийн газраас “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхааран тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байгаа бөгөөд  2021 оны 08 дугаар сараас байнгын ажиллагаанд шилжүүлээд байгаа билээ.

 “Замын-Үүд” чөлөөт бүсэд авто зам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд  2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс дулааны станц ашиглалтад бүрэн орж Замын-Үүд сумын иргэдийг дулаанаар хангаж эхлээд байна. Түүнчлэн ариутгах татуургын станцыг 10 дугаар сард, ус  цэвэршүүлэх үйлдвэрийг 11 дүгээр сард тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд  хангагдаад байна. Мөн ирэх оны эхний улиралд багтаан чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг цахилгаанаар бүрэн хангах зэрэг дэд бүтцийн хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлээд байна.

Ийнхүү олон жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжиж, дэд бүтцийн хангамж сайжирч,  хууль, эрх зүйн, хөрөнгө оруулалтын  таатай орчин бүрдэж байна.