Халуун сэдэв

Төлөөлөгч Б.Найдлаа сонгогчидтойгоо нэг ч удаа уулзаагүй гэв

Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн Н.Байгальмаа: БИД ҮНЭХЭЭР Б.НАЙДАЛАА ГЭДЭГ ХҮНД НАЙДАЖ БАЙСАНДАА, САНАЛАА ӨГЧ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛГОСОНДОО ХАРАМСАЖ БАЙНА

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байна. Энэ хурлаар дүүргийн засаг захиргааны нэгж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, төсөвт өөрчлөлт оруулан гүйцэтгэл батлах өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Гэвч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд тус дүүргийн гуравдугаар хорооны иргэд цугларч Иргэдийн төлөөлөгч Б.Найдалааг ирж хуралдаа суух шаардлага тавьлаа. Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар буюу яг нэг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэд ХҮН намын гишүүн Б.Найдалаад итгэж найдаж саналаа өгчээ. Гэвч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд Б.Найдалаа иргэд сонгогчидтойгоо ганц ч удаа ирж уулзсангүй. Тэр ч бүү хэл ИТХ-даа ч суухгүйгээр алга болсонд сонгогчид нь бухимдалтай байна. Тэдний төлөөлөл болох ЧД-гийн 3-р хорооны иргэн Н.Байгальмаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр танай хорооны нилээд олон иргэн энд цугларсан байна. Ямар шалтгаантайгаар цуглараад байна вэ?

-Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралдаан болж байна. Энэ хурлаар дүүргийн төсөвт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинээр батлах, газрын төлөвлөгөөг хэлэлцэх гээд чухал асцуудлыг хэлэлцэж байгаа. Харамсалтай нь хорооноос бидний саналыг авч Дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Б.Найдалаа энэ хуралд ирж суусангүй. Манай хорооны иргэд олон жил яригдаж байгаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлүүлэхийн төлөө энд ирсэн ч ИТХ-ын төлөөлөгч байхгүй учраас хохироод үлдэж байна.

-Б.Найдалаа та бүхэнтэй хэр холбоотой ажилладаг вэ? Орон нутгийн сонгуулиас хойш та нартай уулзсан уу?

-Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар ХҮН намаас нэр дэвшигч Найдлаа гэдэг хүн маш олон сайхан зүйл амалсан. Тэтгэвэрийн зөрүүг арилгана. Хороогоо хот шиг гоё болгоно. Хуучин байрны фасадыг өөрчилж шинэчилнэ, хорооны нутаг дэвсгэр дээр байгаа газрын асуудлыг шийдвэрлэнэ гэх мэтээр...Сайхан ч ярьдаг, сайхан ч залуу байсан. Залуу хүн байна, ажил хийх байх гээд итгээд манай хорооныхон саналаа өгсөн. Сонгогдож аваад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болоод энэ хүн алга болсон. За яхав, цар тахал энэ тэр гээд уулзах боломж муу байсан гэж бодье. Гэтэл хуралдаа суудаггүй гэсэн. Бид үнэхээр Найдалаа гэдэг хүнд найдаж байсандаа, саналаа өгч төлөөлөгч болгосондоо харамсаж байна.

-Б.Найдалаа СХД-гээс УИХ-д нэр дэвшиж байгаа гэдгийг та мэдсэн үү?

-Дүүргийн ИТХ-аар төсөв шинэчилж батлах гэж байгааг дуулаад Б.Найдалаа руу залгасан. Холбоо барих гэж оролдсон. Чадаагүй. Тэгж байхдаа л биднийг хаяад, бидний саналыг зүгээр цаас болгож хувиргаад УИХ-ын гишүүн болохоор хаа байсан СХД-рүү явсан гэдгийг сонссон. Үнэхээр харамсаж байгаа. Хаанаас нэр дэвших нь тэр хүний эрх байж болно. Гэхдээ бидний санал, бидний итгэл найдварыг яагаад ингэж хөсөр хаячихаад явчихаж байгаа юм бэ? Яагаад тийм гоё олон юм амалж гарч ирчихээд ганц ч зүйл хийхгүйгээр явж байгаа юм бэ гэж манай хорооныхон бүгд бухимдаж байна. Чингэлтэй дүүргийн 3-р хороо бол жижиг хороо. Нийтдээ 5000 гаруй хүн амтай. Цөөхөн ахмадуудтай. Хотын төвийн хороо учраас асуудал ч багатай. Гэтэл ийм газар юм хийгээгүй хүн хаа байсан тэр СХД-гийн 300 гаруй мянган хүнийг төлөөлж ажиллаж чадах уу. Хорооныхоо асуудлыг шийдэж чадахгүй зугатаасан хүн дүүргийн асуудлыг яриад явж чадах уу? Хэдхэн байрны асуудлыг яриад шийдээд өгч чадаагүй хүн бүхэл бүтэн тэр том гэр хорооллын асуудлыг гаргаж сөхөж чадах уу? Үнэндээ чадахгүй. Найдалаа гэдэг найдваргүй хүн юм байна. Зөвхөн улс төрд орох гэж л худлаа сайхан ярьж амалж чаддаг хүн юм байна гэдгийг бид маш сайн ойлголоо.

-Цаашид та бүхэн яах вэ?

-Үнэндээ бол Найдалаад итгэсэн манай хорооныхон хохирч байна. Хуралдаа суудаггүй, иргэдийнхээ төлөө явдаггүй энэ хүн биднийг хохироож байна. Тиймээс эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах саналтай байгаа.