Сонгууль 2020

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна

Өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болов.  Ингэхдээ ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авах юм.

Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос өчигдөр нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн. 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нар олонхын санал аваад байна. СЕХ-ноос нөхөн сонгуулийн өчигдрийн саналд 100 хувь хяналтын гар тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн байна. Гэхдээ энэ дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмэх бөгөөд гараар 100 хувь тоолох ёстой.

Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан нягталлаа.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал өгсөн бөгөөд санал тэмдэглээгүй саналын хуудас 153 ш, хүчингүй саналын хуудас байхгүй. 28 дугаар тойргийн 59 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 45,135 сонгогч саналаа өгсөн, санал тэмдэглээгүй саналын хуудас 525 ш, хүчингүй саналын хуудас байхгүй. /Эдгээр тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоог хүснэгтээс харна уу./

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлээд байна. Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц, саналын тоо, саналын хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжлэн лацдаад байна.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.

Улсын Их Хурлын сонгуульд 18-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо 1)  
 
Цагаанхүүгийн ИДЭРБАТ (МАН) 13,700 73.03%
Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР (АН) 3,719 19.83%
Алтанхуягийн БАРХҮҮ (ИЗНН) 280 1.49%
Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ (АТОЗН) 153 0.82%
Дамбадондогийн БААТАРЖАВ (ШИНЭН) 192 1.02%
Магнайбаярын ЧИНГИСХААН 562 3.00%
Нийт 18,606
Улсын Их Хурлын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо 1)
 
Энхбаярын БАТШУГАР (МАН) 24,382 54.02%
Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН) 5,000 11.08%
Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН) 3,043 6.74%
Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ) 5,269 11.67%
Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН) 109 0.24%
Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН) 3,255 7.21%
Логийн ЦОГ (ДМН) 200 0.44%
Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН) 80 0.18%
Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН) 1,434 3.18%
Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ 1,838 4.07%