Дэлхийд

Гэрээний ажилчдын хилээр дахин нэвтрэх хугацааг НЭГ сар болголоо

БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас өчигдөр буюу 13-ны өдөр “Гэрээний гадаад ажилчдын хөдөлмөрийн хууль”-д шинэчлэлт хийж,  14-ны өдрөөс эхлэн Солонгос улсад дахин ирж ажиллах хүсэлтэй гэрээний  ТУСГАЙ ажилтны 3 сарын хугацааг 1 сар болголоо.

Гэрээний тусгай ажилтан гэдэг нь 4 жил 6 сарын турш нэг газраа ажилласан хөдөлмөрийн гэрээт ажилчныг хэлэх бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа нутаг буцан дахин 3 сарын дараа хилээр нэвтрэх эрхтэй юм.

Гэвч 3 сарын дараа дахин хилээр нэвтрэх хугацаа нь тухайн ажлын байранд сул орон тоо үүсэх зэрэг ажил олгогчийн хувьд хүндрэл учирч байгааг харгалзан үзэж 1 сар болгон өөрчилжээ.

Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Нэг үйлдвэр”-т  тасралтгүй ажилласан байх журмыг хөнгөвчилж, ажлын байраа сольсон тохиолдолд визний хугацаа 1 жилээс илүү үлдсэн бол тусгай ажилтны өргөдөл өгөх боломжтой болжээ.

Хөдөлмөрийн яамнаас “ Энэ хугацаанд Гэрээний гадаад ажилтан нь тусгай ажилтны эрх авахын тулд ажлын байраа сольж чадахгүй байх тохиолдол байсан. Ажил олгогчийн хувьд ч гэсэн гадаад ажилтан нь ажлын байраа сольсон шалтгааны улмаас дахин орж ирэх эрх авч чадахгүй байх асуудлууд гарч байна” хэмээн тайлбарлажээ.

Цаашид ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг ажилтны өөрөөс нь шалтгаалахгүй  асуудлаар ажлын байраа сольсон тохиолдолд хөдөлмөр эрхлэх хугацаа нь 1 жилээс доошгүй үлдсэн байвал дахин хилээр орж ирэх тусгай ажилтны эрх авах боломжтой юм.