Засгийн газар

Д.Амарбаясгалан: ЗГ Оюу толгойн хэлэлцээрийг ил тод амжилттай явуулж буулт хийлгүүлж эхэллээ

Манай Улсын Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээр хийх асуудал өнөөдөр халуун сэдэв болж байна. Улс эх орны том эрх ашиг яригдаж буй энэ хариуцлагатай асуудалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн талд ажиллаж буй нь сайшаал дагуулж байна.

Монгол Улсын Засгийн газарт “Рио Тинто группээс дөрвөн асуудал бүхий саналыг ирүүлээд байгаа. Уг асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийн Ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр манай улсын Засгийн газрын зүгээс Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг хүсч буй гэдгийг  онцолсон.

Тэгвэл эрх баригч намын генсек Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюу толгойн хэлэлцээрийг ил тод, амжилттай явуулж буулт хийлгүүлж эхэлсэн талаар өөрийн цахим хуудаст бичжээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд Рио Тинтогийн  гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзаж “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтэй байлгах, төслийн санхүүжилтын зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна.” хэмээн зарчмын шахалт үзүүлж өгөхгүй байсан татварын өрөө авсанаар Рио Тинтог анх удаа буулт хийлгүүлж чадсан билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар У.Хүрэлсүхийн Засгийн газрын залгамж халаа болж Оюу толгойн талаарх бодлого шийдвэрүүдийг тууштай хатуу үргэлжлүүлж, олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюутолгойн хэлэлцээрийг олны нүдэнд ил тод явуулж, хэлэлцээрийн үе шат бүрийг ард түмэндээ мэдээлж байгаагийн бодит үр дүн гарч эхэллээ.

Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх хэлэлцээрийг Рио Тинтотой хийсний үр дүнд буулт хийх тухай дөрвөн саналыг Монгол улсын Засгийн газарт өчигдөр ирүүлжээ.

Үүнд:

Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34% хувийн хувьцаанд ноогдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь нь буюу 1.6 тэрбум ам.долларыг ТЭГЛЭХ санал гаргасан байна. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн байна.

Хоёрдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье.

Гуравдугаарт, Менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулья.

Дөрөвдүгээрт, Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж өгөөч, ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэдэг санал тавьсан байна.

Ийнхүү олон улсын уул уурхайн салбарын том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотой хийсэн алдагдалтай гэрээг Монгол улсад ашигтай байдлаар өөрчлөх тухайд МАН-ын тэргүүлсэн Засгийн газрууд үр дүнтэй ажиллаж байгаа нь төрийн бодлого тогтвортой, төр засгийн удирдлагууд санаа зорилго нэгтэй байхын давуу талыг харуулж байгаа юм. Гэхдээ асуудал дуусаагүй байна. Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байхав. Рио Тинто груптэй цаашид ч хэлэлцээрийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газар тогтвортой ажиллаж Оюу толгойн гэрээг Монгол улсдаа ашигтай байхаар өөрчлөхийн тулд иргэд та бүхний маань дэмжлэг, улс Монголоо гэх чин сэтгэл дэм болно" хэмээжээ.