Сонгууль 2020

Сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчилнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Сангийн сайдын төслийн талаарх танилцуулга, Ерөнхий аудиторын төвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Д.Тогтохсүрэн гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны даргаас сонгуулийн санал хураах төхөөрөмжийн шинэчлэлийн талаар, УИХ-ын Тамгын газрын удирдлагаас санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэх хөрөнгө, санхүүжилт 2022 оны төсвийн төсөлд туссан эсэхийг тус тус тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дээрх асуултад хариулахдаа, 2012 оноос хойш есөн удаагийн сонгуульд ашиглаад байгаа сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн болохыг хэллээ.

Тус төхөөрөмж нь улсын бүртгэлийн тодорхой төрлийн төхөөрөмжүүдтэй иж бүрдэл болдог учраас хамтад нь солих шаардлагатай байдгийг дурдаж байв. Ингээд холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2022 онд судалгаа явуулж, сонголт хийсний дараа 2023 оны төсвийн төсөлд худалдан авалтын төсвөө тусгуулж, тухайн ондоо программ хангамж, тохируулга, туршилт зэрэг бэлтгэл ажлаа хангаад 2024 онд ашиглаж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын хуралдааны танхимууд дахь санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэлийн талаарх асуултад Тамгын газрын дэд дарга Э.Баттулга хариулт өгөв. Улсын Их Хурлын Тамгын газрын одоо ашиглаж буй мэдээллийн технологийн иж бүрдэл, санал хураалтын систем нь 2014 онд ашиглалтад орсон.

Сүлжээний болон серверийн шинэчлэлийг энэ онд шийдвэрлээд байгаа бол ирэх онд дуу, дүрсний системээ шинэчлэхээр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт төлөвлөсөн, 2023 онд программ хангамжийн шинэчлэлийг шийдвэрлэн, системийн тохируулга хийх байдлаар 2024 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахаа төлөвлөсөн байна.

Энэ оны хоёрдугаар улиралд Тагнуулын ерөнхий газартай хамтран мэдээллийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг явуулсан бөгөөд эл ажлын мөрөөр сайжруулалтын ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээн Э.Баттулга дарга хариуллаа хэмээн