Засгийн газар

III тун халдвараас 99 хувь хамгаална

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 33,228 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Хүн амыг вакцинд хамруулах ажлыг Засгийн газраас онцгойлон анхаарч ажилласны дүнд нэмж халдвар авагчдын тооч өдрөөс өдөрт буурсаар байна.

Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны байдлаар Ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 95,8 хувь, 2-р тунгийн хамралт 91,0 хувь, 3-р тунгийн хамралт 24,8 хувь, нийт хүн амын 1-р тун 69,4 хувь, 2-р тун 65,9 хувь, 3-р тун 15 хувь тус тус хамралттай байна. Өссөн дүнгээр 3-р тунд 502,884 хүн хамрагдсан байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн  байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2,881 оюутан, 87 байгууллагын 8,597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1,139 хүнд дархлаажуулаад байгаа гэнэ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстэр тунд 262,284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба  хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна.

Цаашид COVID-19 халдварыг бууруулах зорилгоор вакцины нэмэлт тун буюу 3-р тунг эрчимтэй хийлгэх шаардлага дэлхий нийтээр тулгарч буй бөгөөд улс орнуудын төр засгаас олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.