Бусад

С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр Х.Нямбаатар сайд хичээж ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох талд байнга тэмцэж, дуугарч ирсэн нэгэн. Тэрбээр 17 жилийн турш өлсөхдөө өлсөж, жагсахдаа жагсаж, үзэл бодлоо хэнээр ч хориулахгүй хэлж ирсэн билээ. Учир нь Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай хувилбарт шилжүүлснээр монголчууд тус уурхайгаас ашиг хүртэж, өрнөөсөө салж, сургууль, цэцэрлэг болоод улс эх орны хөгжилд том бүтээн байгуулалтууд бий болох байгалийн баялгийн арвин их нөөцтэй орд газар юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх, сайжруулах ажлын хэсэг байгуулагдаж, хэд хэдэн удаагийн хэлэлцээр ч хийгдээд байна. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд “Рио Тинто”-гийн талаас тавьсан саналуудад Монголын тал байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Хоёр талын хэлэлцээр үргэлжилж буй энэ үед гадны хөрөнгө оруулагчдыг үргээх гэлээ гэсэн эсрэг сурталчилгаа олон нийтийн сүлжээгээр түгж байгаа. Тэгвэл бодит мэдээллээс дутмаг иргэдийг төөрөгдүүлсэн технологи гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа бодит мэдээллийг тодорхой өгчээ.

Тэрбээр “Рио Тинто хэлэлцээр хийж байгаа нь нааштай зүйл. Өмнө нь тэд биднийг “гөлөг” ч гэж тоодоггүй,хэлэлцээрийн ширээний ард суудаггүй байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн өндөрлөгүүдийг худалдаад авчихдаг байв. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш сайн, шударга хуулийн ферм хөлсөлж авснаараа таван улсын шүүх дээр Монгол улс ялах байдалд орсон байгаа. Энэ ажил дээр Б.Солонго ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа сайн ажилласан. “Рио Тинто” бидний баялгийг үнэгүй авчхаад, хөрөнгө оруулалт татахын тулд хүүтэй зээл авсан. Оюу-Толгойн ордыг үнээгээр жишиж үзэх юм бол. “Рио Тинто” гэдэг гадаадын иргэн манай үнээг ирж саагаад, түүнээс 100 литр сүү гаргаж авсан. Тэр сүүний 34 хувийг бид хүүтэй нь худалдаж авч байгаа. Тэгхээр баялгаа өөрөө өөртөө худалдаж авсан зээлийн хүү нь 2.3 тэрбум ам доллар болсон байна. Түүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэж байгаа. Цаана нь 700 сая гаруй ам.долларын өр үлдэнэ гэсэн үг. Дахиад энэ нөхдүүд биднээс 50 жил мөнгө хүүлэх нь. Бид Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа баялгийн 50 хувийг авна гэж гэрээ байгуулсан. Тэр 50 хувийг эзэмшихдээ Монгол улс нэг ч төгрөг зарцуулаагүй. Гэтэл Оюутолгой ордын хувьд, бид 100 хувь баялгаа өгөөд баялгаас гарсан үр шимийн 34 хувийг хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг байж боломгүй зүйл. Харин Монгол улс энэ алдаатай заалтаас болж хохирсон хохирлоо нэхэмжлэх ёстой” хэмжээсэн байна.

Монголчууд биднийг хэдэн арван үеэр нь тэжээх байгалийн баялгийн арвин их нөөцтэй “Оюутолгойн орд”-оос бид ашиг хүртэх эрхтэй болохоос өрөнд орж, гаднынхны хэтэвчийг зузаатгах учиргүй.

Монголчууд баялгийн эзэн. Шударга хамтрагчаа сонгох эрхтэй...