Бусад

Хүний эрхийг шинэ түвшинд гаргах эрх баригчдын бодлого хүлээлт үүсгэж байна

Эрх баригч МАН ирэх сарын 6-нд 30 дахь Их хурлаа хуралдуулахаар товлосон билээ. Тус хуралдаанаар Хүний эрхийн асуудлын  өндөр түвшинд хэлэлцэх  бөгөөд бодлогын баримт бичиг гаргана гэдгийг  тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.  Тодруулбал МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчин болохынхоо хувьд  хүний эрхийн чиглэлд үргэлж дуу хоолой болсоор ирсэн төдийгүй, цаашид шинэ шатанд гаргахаа зарласан юм.

Тэд судлаачдын багтай хамтарч нийгмийн харилцааг зохицуулдаг 318 хуулийн 11900 заалтыг нэг бүрчлэн судалж, 800 заалт хүнийг эрхийг ямар нэг хэлбэрээр зөрчиж ббайна гэсэн судалгааг гаргасан. Иймд эдгээр заалтын зөрчлийг арилгаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох аж. Хүн бүрт хамааралтай асуудал учраас хүний  эрхийг хангахын тулд маш  олон талын оролцоог хангаж, олон хүний дуу хоолойг сонсох ёстой. Тийм ч  учраас хэд хэдэн бодлогын хэлэлцүүлгүүдийг хийгээд байгаа бөгөөд хүний эрхтэй холбоотой бүх талын байр суурийг сонсох гэнэ.

Энэ талаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат хэлэхдээ  “Бид өнгөрсөн хугацаанд 6-7 хэлэлцүүлэг хийсэн. Энэ тоог цаашид 50-60-д хүргэж, олон хүний дуу хоолойг сонсох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар үг хэлэх, ярих хүсэлтэй хэн бүхнийг  ямар нэг цензургүйгээр нээлттэй сонсоно. Ингэж судалгаа, нөхцөл байдал хоёроо нийлүүлж байж бидний хийх ажлын  төлөвлөгөө тодорхой гарна. МАН сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд энэ төлөвлөгөөнийхөө  үндсэн гол хэсгийг хэрэгжүүлж дуусгана гэсэн зорилготойгоор ажиллаж байна” гэсэн юм.