Нийслэл Үйл явдал

Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 2-нд нийт 1387 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1136 мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн мөргөлдсөн нэг, хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдэж нийт хоёр хүн гэмтжээ. Үүнээс гадна орон нутагт хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна.

Түүнчлэн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 345 зөрчил илрүүлснээс нийслэлд 228, орон нутагт 117  зөрчил бүртгэгджээ.

Иймд явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Ташрамд дуулгахад, Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсүүд долоо хоног бүр нэгдсэн хяналт шалгалтыг гудамж, замд зохион байгуулж байна.