Нийслэл

Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан түлш олгоно

Долоо хоног бүрийн даваа гарагт холбогдох албаныхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхим”-д “Агаарын чанар”-ын мэдээлэл өгдөг уламжлал тогтсон.

Өчигдөр /2022.01.03/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн баярын болоод амралтын өдрүүдээр сайжруулсан шахмал түлшний хэрэглээ хомсдол, зарим авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр яриандаа “Өнгөрөгч өдрүүдэд нийслэлд борлуулалтын 8 цэг ажиллаж, хоногийн дундаж борлуулалт 4000 орчим тонн байсан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд бэлтгэсэн 22100 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцөөр сар шинийн баярын өдрүүдийг давах төлөвлөгөөтэй байгаа. Үүн дээр тулгамдсан асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэн хүндрэлтэй, түлээ түлшний хомсдолтой, агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг бид Нийслэлийн нийгмийн халамжийн газар, "Тавантолгой түлш" компанитай хамтран зохион байгуулах үүрэг авсан. Энэ хүрээнд 6098 зорилтот өрхийг нийслэлийн зургаан дүүргийн, агаарын чанарын бүсэд амьдардаг айл өрхүүдээс халамжийн оноо нь дээр нь тулгуурлан сонгож, сайжруулсан шахмал түлш олгох гэж байна. Ингэхдээ бид тухайн айлуудад түлшийг нь бэлнээр нь өгөхгүй, сайжруулсан шахмал түлшнийх нь картыг цэнэглэж өгөх байдлаар өгнө. Тэгэхээр иргэд өөрт хамгийн ойр байгаа борлуулалтын цэгт очиж, долоо хоногийн зургаан шуудай түлшээ авах ёстой” гэлээ.

 

6098 зорилтот өрхийг нийслэлийн зургаан дүүргийн, агаарын чанарын бүсэд амьдардаг айл өрхүүдээс халамжийн оноон дээр нь тулгуурлан сонгож, сайжруулсан шахмал түлш олгох гэж байна.

Тодруулахад, 6098 өрх нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон, байнгын оршин суух хаяггүй айлууд байх юм. Дээрх өрхүүдэд долоо хоногт зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын хоёр цэгээр дамжуулан  сайжруулсан түлш олгох юм байна.